
Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ГХЯ-ны олон талт хамтын ажиллагааны захирал Д.Гэрэлмаа хэлэхдээ "Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх ажлын хүрээнд НҮБ болон олон улсын бусад байгууллагатай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны үлйл ажиллагаанд учирч буй сөрөг үр дагаврыг бууруулах, эдийн засгийг сэргээх гадаад улсад оршин суугаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр нэн тэргүүнд анхаарч ажиллаж байгаа.
ДЭМБ-аас авсан мэдээлэлд туршилтын өмнөх шатанд 139 вакцин байгаа. Туршилтын шатандаа орсон 30 вакцин байна. Одоогоор туршилтын шатыг даван үйлдвэрлэлд шилжсэн нэг ч вакцин байхгүй. Манай улс ДЭМБ хүлээн зөвшөөрсөн вакцин хэрэглэнэ" гэв.
ГХЯ-ы Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар 53 орноос нийт 18392 иргэнээ гадаад орноос татан авлаа. Энэ сард төлөвлөсөн нислэгийг оролцуулан болон боомтуудаар 4500 иргэнийг эх орондоо авчраад байна. Нутаг буцах хүсэлтэй иргэд нийт 12461 байна. АНУ-аас 2400 гаруй, Австрали улсаас мянга гаруй иргэн ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа. Хүндрэлтэй нөхцөлд буй иргэдийн тоо эрс буурсан учраас АНУ, Австрали болон БНСУ-д суугаа иргэдийг түлхүү татан авахаар төлөвлөж байна. Эх орондоо ирсэн иргэд бусад улс руу сурах шугамаар буцах хүсэлтээ гаргаж байна. БНХАУ руу холимог гэр бүл буюу 170 гаруй иргэн явах хүсэлтээ илэрхийлсэн. БНХАУ-д суралцдаг оюутнуудын асуудлыг ярилцаж байна. Тус улс хэзээ танхимын сургалт руу шилжих нь тодорхой биш байна. Гадаад иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй хэвээр байгаа" гэж хэллээ.