
“Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний III зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, НҮБ-ын ХАС-гийн тэргүүн Каори Ишикава, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцсон бөгөөд хөдөө орон нутгийн 21 аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга, БОЭТ, АНЭ-ийн удирдлагууд, төрөх тасгийн эрхлэгч, нийслэлийн есөн дүүргийн Эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон АШУҮИС, ЭХЭМҮТ, НӨАГ, НХАГ, НААГ, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд хамрагдаж буй юм.
Зөвлөгөөнөөр коронавируст халдварын үед эх, хүүхдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, дэлхийн чиг хандлага, эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлогын асуудлыг авч хэлэлцсэн байна.

Монгол Улс 2015 онд эхийн эндэгдлийн түвшинг 100.000 амьд төрөлтөд 26 хүртэл бууруулж, чадсанаар эхийн эндэгдлийг бууруулах мянганы хөгжлийн зорилтот хүрсэн дэлхийн есөн орны нэг болсон билээ.
Мөн дэлхийн тогтвортой хөгжлийг хангах тунхаглалд нэгдэж, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлан түүнийг хэрэгжилтийг хангахаар хэд хэдэн бодлогын баримт бичиг боловсруулан батлуулж, мөрдөн ажиллажээ.
Үүний үр дүнд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын нэгдүгээр үе шат болох 2016-2020 оны шалгуур үзүүлэлтэд эхийн эндэгдлийн түвшинг 100.000 амьд төрөлтөд 25 болгох зорилтыг хангаж чадсан байна.
Тогтвортой хөгжлийн зорилтын гол уриа нь “Хөгжлөөс хэн ч үлдэх, хоцрох ёсгүй” гэсэн зарчимд тулгуурладаг бөгөөд “Хүн төвтэй хөгжил”-д хөл нийлэн алхаж байгаа нялхас, хүүхэд, өсвөр үе, идэр нас, нөхөн үржихүйн насны болон өндөр настнуудыг хамруулан сайн сайхан амьдруулах гэсэн зарчимтай юм.
Иймд халдварт болон халдварт бус өвчлөлийн үед эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр эмч, эмнэлгийн ажилчдын арга зүй, туршлагыг нь нэмэгдүүлэх, орчин нөхцөлд нь тохируулан, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллуулахад “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний III зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа юм.