
Өнөөдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театр болон “Гүүд Нэйборс” олон улсын байгууллага хамтран “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Тодруулбал, тус төсөл нь урлагаар дамжуулан хүүхдүүдэд гоо зүйн боловсролыг олгохоос гадна гурваас долоон насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлж, тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой байна.
Төслийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар Хүүхэлдэйн театрын найруулагч М.Ариунтуяа "Гурваас долоон насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон нэг жүжгийн уран бүтээл, телевизийн 20 ангит хүүхдийн нэвтрүүлэг, цахим болон хэвлэмэл зурагт ном бүтээнэ. Мөн "Амны хөндийн найзууд" нэртэй тоглолтыг зохион байгуулна. Энэхүү бүтээл нь нэг бүлэгтэй, гурван үзэгдэлтэйгээр хийгдэнэ. Найруулагчаар нь миний бие ажиллах бөгөөд зураачаар нь 2019 оны тайз дэлгэцийн шилдэг зураач, Мөнгөн мод шагналт С.Энх-Од ажиллана" гэлээ.
Харин “Гүүд Нэйборс” ОУТББ-ын менежер Х.Баавгай “Шүд бол хүний эрүүл мэндийн суурь асуудлын нэг. Монгол Улсын хувьд шүд цооролтын тархалт маш өндөр. Тухайлбал, 2016 онд АШУИС-д судалгаа хийхэд 92,9 хувь нь шүд цооролтын тархалттай гарсан. Үүнээс 8,6 хувь нь эрчимтэй шүд цооролттой гэсэн үр дүн гарсан юм.
Гадаадын улс орнуудад хүүхдийг сүүн шүд ургах үеэс нь эхлэн хэрхэн арчлах талаар эцэг эхэд нь тусгайлан сургалт зөвлөгөө өгдөг учраас шүдний цооролт бага байдаг. Тиймээс хүүхдүүдэд багаас нь шүдний боловсрол олгох үүднээс жүжгийн хэлбэрийг сонгож, цаашлаад телевизийн нэвтрүүлэг, зурагт ном болгон түгээх ажлыг хэрэгжүүлж байна" гэсэн юм.