
Олны анхаарал татсан, оймсондоо хахуулийн маш их хэмжээний ам.доллароо чихэж байгаа бичлэг нь олны дургүйцлийг төрүүлж, Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг эрган харж, өөрчлөхөд хүргэсэн, МХЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 10.00 цагт хэлэлцэхээр товлосон байв.
МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан болон тус газрын албан тушаалтнууд болох Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан, Д.Төмөрбаатар тэргүүтэй 19 хүнд холбогдох хээл хахуулийн хэргийг Улсын дээд шүүхээс өнгөрсөн хоёрдугаар сард анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан билээ. Мөн шүүгдэгч Цагаанбаатар, Хандсүрэн, Даваасүрэн, Нарангэрэл, Онон, Бат-Оргил нарт хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял сонсгосон нь үндэслэлгүй гэж үзэн тусгаарласан байдаг.
Оймсондоо 10 000 ам.доллар нуусан бичлэг нь олны анхааралд хүрч, дээрх хэргийн холбогдогчдод хэт хөнгөн ял оноож, заримыг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр анхан шатны шүүх ялаас чөлөөлсөн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, дээд шатны шүүхэд нь хандсанаар ийнхүү дахин хэлэлцэхээр болсон юм. Тодруулбал, анхан шатны шүүхээс хахуулийн мөнгөө оймсондоо чихэж буй бичлэг нь цацагдсан Н.Баярсайханыг төрийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 40 сая төгрөгөөр торгох, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Харин Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар болсон юм. Ж.Батжаргал нарын 18 хүнийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2.7 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Д.Хандсүрэн, М.Нарангэрэл нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг.
Өнөөдөр товлосон шүүх хурлыг шүүгдэгч нарын өмгөөлөгч нэг бус хүн хурал давхацсан учраас хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, есдүгээр сарын 14-нийг хүртэл хойшлуулах захирамж гаргалаа.
Хэргийг эргэн сануулахад, 2017 онын есдүгээр сард МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайхан албан өрөөндөө 8600 ам.долларын хахууль авч, АТГ-ынхныг ороход оймсныхоо түрийнд чихсэн билээ. Улмаар тухайн шөнөдөө гэрт нь нэгжлэг хийгээд 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 77.000 юань хураан авч баримтжуулсан Харин МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяагийн гэрт нь нэгжлэг хийх явцад 57.4 сая төгрөг, 20.000 юань эд мөрийн баримтаар хураан авсан билээ. Шалгалтын явцад Э.Аззаяа, Н.Баярсайхан нар улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах аргаар нэг тэрбум орчим төгрөгийг авлига авсан болох нь тогтоогдсон.
Н.Баярсайханы хувьд "Hi Fi records" дэлгүүрийн эзэн байсан гэх бөгөөд 2014 онд МХЕГ-т ажилд орсон нэгэн хэмээн тухайн үед хэвлэлээр мэдээлж байв.
Бэлтгэсэн Г.Равжээ