
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сарын 25-ны өдөр анхны зарлигаа гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 01-ний өдрийг "Эх хэлний өдөр" болгон зарласан билээ.
Энэ өдөр эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлж хэвших. Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн хичээлийн эхний өдрийн нэгдүгээр цагийг монгол хэл, Монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулахыг Ерөнхийлөгч зарлиг болгосон юм.