Баянгол дүүргийн II, XVII хорооны нутаг дэвсгэр, IV хорооллын урд хэсэгт, “ТБД андууд”-ын хойно байрлах үерийн далангийн зарим хэсэг эвдэрч, хөрсний нуралт үүсэх эрсдэл бий болсныг оршин суугчид мэдээлэв. Даланг 2014 онд засаж, шинэчилсэн юм байна. “Геодези, усны барилга байгууламжийн газар” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үерийн далан, суваг хариуцсан инженерээс учрыг тодруулахад “Даланг анхнаасаа чанаргүй барьсан, эсвэл үерийн усны улмаас эвдэрсэн зэрэг олон шалтгаан бий. Тэрхүү далангийн хана өмнө нь налуу байсан бол 2014 онд засахдаа босоо болгон барьсан юм билээ. Далангийн дээрх барилгаас үерийн ус түрэгдэн, улмаар хүчтэй цохилт өгч нурсан байх магадлалтай. Мэргэжлийн байгууллагууд энэ талаар судалж, дүгнэлт гаргана” гэлээ.
Бэлтгэсэн: Б.Цэндмаа