
“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Оюутолгой” компани өчигдөр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгууллаа. Энэ үеэр “Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Армандо Торрес “Уг гэрээг байгуулсан нь манай компанийн хувьд маш чухал бөгөөд дотоодоос авах эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх манай хүчин чармайлтын нэг илэрхийлэл болж байна. Бид цаашид Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын, Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын нэмэлт, өөрчлөлтийн гэрээний хүрээнд нөөц боломжуудыг эрэлхийлэн салбарын яамтай үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэв.
Засгийн газраас өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 220 кВ-ын гурван дэд станц, цахилгаан дамжуулах 670 км агаарын шугам татсан юм. Дотоодын эрчим хүчний системээс Оюутолгойн уурхайн цахилгааны зарим хэрэглээг хангах ажлын техникийн болон Улсын комисс ажиллаж 13 мегавольт ампер суурилагдсан хүчин чадал бүхий дөрвөн дэд станцыг 35 кВ-ын хүчдэлийн түвшнээр хангаж эхэлжээ.
Бэлтгэсэн: Ц.Ундрал