
МҮЭХ-нд Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УБТЗ нийгэмлэгийн удирдлагууд албан хаагчдынхаа эрх ашгийг зөрчиж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа “Улаанбаатар төмөр замын удирдлагууд ажилчдынхаа эрх ашиг, аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Мөн ажилчдыг ялгаварлан гадуурхах, албан тушаалын гэмт хэрэг гаарсан. Эгэл ажилчин алдаа гаргавал хэдэн жил ажилласныг нь үл харгалзан цалин мөнгийг нь өгөхгүйгээр ажлаас нь хөөж байна.
Тиймээс төр засгаас иргэдээ хамгаалахыг хүсэж байна. Мөн ажилчдыг амар тайван ажлаа хийх нөхцөл бүрдүүлэхгүй, тэтгэвэр тэтгэмжийн хувьд ч шударга бус байгаа. Жишээ нь, 20 жил УБТЗ-д тасралтгүй ажиллаад 2-3 сар ажлаасаа тасрахад тэтгэвэр тогтоолгоход 6-7 жилээр бодож тэтгэвэр тогтоох, хөдөлмөрийн гэрээ дагаж мөрдөхгүй байх гэх мэт асуудал их байна” гэв.