
Өнөөдөр "Нар- Мон" компаниас Нийслэлийн удирдлагуудад газраа булаалгасан талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар "Нар -Мон" ХХК-ны ерөнхий захирал М.Хүрэлсүх хэлэхдээ "УИХ-ын гишүүн С.Амарсайхан нь Нийслэлийн Засаг дарга байх үедээ 2020 оны 04.13-ны өдөр захирамж гаргаж манай компаны Амгалан дахь төмөр зам дээрх аж ахуйн үйл ажиллагаа явуулах газрыг цуцлах шийдвэр гаргасан.
Бид энэхүү шийдвэрийг мэдээгүй байж байгаад 2020.08.18-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтаас ирүүлсэн бичигнээс мэдсэн. Тус захирамжийн хүрээнд газрын төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр манай газрыг цуцалсан байна. Бид Нийслэлийн газар зохион байгуулалтын газартай очиж уулзахад манайх 84,000 төгрөгийн илүү төлөлттэй явж байсан.
Мөн энэ зун манай компани газартаа хоёр склад, агуулах барихаар төлөвлөж байсан. Үүнийгээ нийслэлийн газрын албанд мэдэгдэхэд "Танай газрыг С.Амарсайхан дарга сонирхож байгаа" гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Тэгээд яагаад манай газрыг С.Амарсайхан дарга сонирхож байгааг судлахад "Таван толгой түлш" компани манай газар дээр үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой байсан юм байна билээ.
Тэгэхээр нь манайх хамтран ажиллах санал тавив. Ямар ч хариу ирээгүй. Ер нь анхнаасаа хууль бусаар булаан авах зорилготой байсан юм байна лээ. Энэ талаар бид ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Ерөнхий сайд ч учир явдлыг ойлгож байгаагаа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас манай газрыг хураахыг мэдэгдсэн. Тиймээс бид хэвлэл мэдээлэлд хандахаас аргагүй боллоо" гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Манай компани төрийн бүх шатны байгууллагуудтай шийдвэр, хууль тогтоомжид нийцүүлэн нийгмийн хариуцлагын хүрээнд олон ч үйл ажиллагаанд төртэй хамтран ажиллаж ирсэн. Манай компаны 25 жилийн хөдөлмөрийг үгүйсгэсэн, компанийг эрсдэлд оруулсан нийслэлийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй" гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн эсэргүүцлийн хүрээнд Нийслэлийн захиргааны хэргийн шүүх болон Хууль зүйн дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар гишүүнд хандаж албан тушаалаа урвуулан ашиглаж болзошгүй асуудлыг шалгуулан хүсэлт гаргасан байна. Мөн Захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа аж.