
Өнөөдөр Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг гадаадад байгаа иргэдийг татан авах талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд МУ-д нийт 20.408 иргэнийг агаар болон авто замаар эх оронд нь авчирсан. Мөн өнгөрсөн долоон сарын хугацаанд 69 удаагийн нислэгээр 13,951 иргэнийг гадаадын 53 улсаас эх оронд нь авчирсан юм. Түүнчлэн УОК-оос өгсөн чиглэлийн дагуу нислэгийн давтамжийг тогтмол нэмэгдүүлж ирсэн бөгөөд 7,8 дугаар сард 18 удаагийн нислэг үйлдсэн. Энэ сард 13 удаагийн нислэгийг төлөвлөсөн байна. Тусгаарлах байрны нөөц боломжийг харгалзан сарын сүүлээр нислэгийн тоог нэмнэ.
Өнөөдрийн байдлаар 11,400 орчим иргэн нутаг буцах хүсэлтэй байна. Тооны хувьд өндөр байгаа мэт боловч энэ сард Европ, Зүүн Өмнөд Азийн орнуудад байгаа, буцах хүсэлтэй иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Иргэдийн 5,000 орчим нь БНСУ-д, 2000 орчим нь АНУ-д байгаа иргэд байна. Тиймээс энэ сард тус хоёр улсад байгаа иргэдээ түлхүү авахаар бэлтгэж байна.
Өчигдөр Хонгконгийн тусгай үүргийн транзит нислэгээр АНУ-аас 170, Австралиас 50 иргэнээ авчирсан. БНСУ-д байгаа удаа дараа хүсэлтээ тавьсан иргэдийг нэн түрүүнд авчирна. Гадаад улсын иргэдтэй гэр бүл болсон иргэд ч бий. БНХАУ-д зорчих хүсэлтэй, хятад хүнтэй гэр бүл болсон зэрэг 109 иргэний өргөдлийг хүлээж аван, уг асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн Япон улсад зорчих хүсэлтэй, хөдөлмөрийн гэрээтэй, хичээл сургуульдаа явах гэж байгаа 250 орчим иргэний асуудлыг Японы талтай яриа хэлэлцээр хийх шийдвэрлэхээр ажиллаж байна.
ОХУ-аас ирэх хүсэлтэй 50 орчим иргэн, мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын иргэд зэрэг нийт 110 орчим хүн маргааш Алтанбулагийн боомтоор ирнэ. Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг ААН, монгол иргэнтэй гэр бүл болсон иргэдийг хилээр нэвтрүүлэх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж байна" гэлээ.