
Хүүхдийн эрхийг хамгаалах "Сүүдэр бүү тусга" арга хэмжээг эхлүүллээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Сүүдэр бүү тусга" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус үйл ажиллагааг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Дэлхийн зөн-Монгол" "JCI-Монгол" Олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм.
"Сүүдэр бүү тусга" арга хэмжээний хүрээнд хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын чиглэлээр иргэдийн ойлголт, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, иргэдээс мэдээ, мэдээлэл авах, нийгэмд хүүхдийн эрх хамгаалах эерэг хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэх аж.
Мөн "Дэлхийн зөн-Монгол" Олон Улсын байгууллага, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоотой хамтран "Хүүхдэд ээлтэй сэтгүүлч" арга хэмжээ, сэтгүүлчдийн дунд "Хүүхэд хамгаалал" сэдэвт нэвтрүүлэг, нийтлэлийн уралдаан явуулах юм байна. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн байгууллага, цагдаагийн байгууллагын алба хаагчдад онлайн, цахим сургалтуудыг зохион байгуулна гэв.
Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар "Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, үл хайхрах хүчирхийлэл нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлж, хүүхэд амь нас, эрүүл мэнд, нэр төрөөрөө хохирох тохиолдлууд гарсаар байна.
Манай агентлагийн хувьд өнгөрсөн хугацаанд хүүхдийн оролцоог хангах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил явуулж ирсэн. Үүний үр дүнд хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээллийг тогтмол өгөх чиглэлийн ажлууд сайн явагдаж байна. Нийгмийн сэтгэл зүйг эерэгжүүлж, зөв мэдээллийг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх, хохирч байгаа хүүхдийн талаарх мэдээ мэдээлэлд хариуцлагатай хандахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна." гэж хэлэв.
Ташрамд дурдахад, сүүлийн гурван жилийн байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээгээр гэмт хэрэгт 5043 хүүхэд өртөж хохирон, 3378 хүүхэд холбогджээ. Гэмт хэргийн 70,1 хувь нийслэлд, 29,9 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. Тухайлбал, энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирч, үүнээс 82 хүүхэд амиа алдаж, 290 хүүхэд гэмтжээ.