
Монгол Улсыг гадаадад сурталчлах үүрэг хүлээсэн 57 соёлын элч ажиллаж байна. Соёлын элч нартай хийх хоёрдугаар чуулга уулзалтыг Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн санаачлагаар зохион байгууллаа.
Давтагдашгүй соёл урлаг, өв уламжлал, амьдралын өвөрмөц хэв маягаа үеэс үед уламжлан хадгалж ирсэн цөөн улсын нэг нь Монгол. Өнөөдрийн орчин цагт өв уламжлалаа дэлхий нийтэд таниулахын зэрэгцээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Үүний гүүр байх хүмүүс нь гадаадад Монголыг сурталчлах үүргийг хүлээсэн соёлын элч нар гэдгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцлов.
Тэрээр “Монгол Улс сүүлийн 30 жилд соёлын бодлогоо хөгжүүлэлгүй орхигдуулжээ. Сүүлийн жилүүдэд бид эдийн засгийн чиглэл, тэр тусмаа уул уурхайгаа хөгжүүлэхэд анхаарч ирснээс бус, оюуны ундраа болсон үндэсний өв соёл, үүх түүхээ таниулах, соён гэгээрүүлэх, үр хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэх зэрэг Монгол хүнээ төлөвшүүлэх, үндэсний өв соёлоо хайрлах үзлийг орхигдуулсан. Үүнийг нөхөж гадаадад бор зүрхээрээ зүтгэж буй хүмүүс нь соёлын элч нар. Тэд өнөөдрийн чуулга уулзалтаар тулгарч буй бэрхшээлээ хуваалцлаа” гэсэн юм.

Гадаад харилцааны яамнаас соёлын элч нартайгаа байнга холбоотой ажиллаж тодорхой дэмжлэг тусалцааг үзүүлсээр ирсэн.
Харин энэ хүрээг өргөжүүлж бусад яамдаас тодорхой дэмжлэг авах шаардлага байгаа. Үүнд байгаль орчин аялал жуулчлалын яам болон соёлын яам хамтран ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах үйл ажиллагаанд хөрөнгө мөнгөнөөс илүүтэй хувь хүний эх орноо, өв соёлоо, эх дэлхийгээ гэсэн сэтгэл юу юунаас чухал гэдгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван онцлов. Дэлхийн 18 улсад үйл ажиллагаагаа явуулж буй Монгол Улсын 57 соёлын элч энэ жишгээр ажиллаж ирснийг Гадаад харилцааны сайд чуулганы хаалтын үгэндээ тэмдэглэжээ.
Соёлын элч нар дотор “ХҮ” хамтлаг, Сүмогийн Их аварга Хакүхо М.Даваажаргал, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, балетчин Д.Алтанхуяг, дуурийн дуучин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, Монголын Оюун ухааны Академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар, Элчин сайд асан, Австрали дахь манай Соёлын элч Жон Лантри зэрэг эрхмүүд байна гэж ГХЯ-наас мэдээлэв