
Өчигдөр таван ханатай гэр шатаж, бага насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, “Орбит”-д энэ сарын 26-ны өдрийн 16:05 цагийн орчимд "Гэр шатаж байна" гэх дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу гал унтраах, аврах ангийн алба хаагчид очиход иргэн О-гийн таван ханатай гэр шатаж байсныг 35 минутанд унтраасан байна. Харамсалтай нь уг гал түймэрт 7 настай эрэгтэй С, 6 настай эмэгтэй Э, 5 настай эрэгтэй Б , хоёр настай эрэгтэй Э нар өртөж харамсалтайгаар нас барсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй аж.