
Жүжигчин Б.Амарсайхан кино хийх нэрээр төсвөөс их хэмжээний мөнгө авсан гэх баримт ил болсон билээ. Тодруулбал, Б.Амарсайхан нь Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 266 сая төгрөгийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх уран сайхны кино хийнэ хэмээн авсан.
Тэрбээр энэхүү мөнгийг өөрийн хувь эзэмшдэг "Ай Фай Продакшн" ХХК-ны дансаар 2019 оны 12 дугаар сард авсан байна. Тендерт жүжигчин Б.Амарсайханы “Ай фай продакшн” шалгарч, санхүүжилтийг нь ГБХЗХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Халиун 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгох тушаалыг гаргажээ.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр, ГБХЗХГ-аас гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн уран сайхны кино хийх тендер зарлахад гурван компани оролцсоноос жүжигчин Б.Амарсайханы эзэмшдэг “Ай фай продакшн” компани шалгарсан. Тус компани “Түнтүүлээ” хэмээх кино хийж байгаа гэжээ. Гэвч коронавирусын хөл хорионы улмаас тус киноны ажил удааширч, хугацаандаа нээлтээ хийж чадаагүй юм байна. Дээрх асуудлаар жүжигчин Б.Амарсайхан олон нийтэд хандан тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэв.