Олон нийтийн сайн сайхны төлөө авьяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан хүмүүст олгодог “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналыг өчигдөр 24 хүнд гардууллаа. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Энхболд, Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Гантөмөр, Төв аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны ахмад ажилтан Д.Нордогжав нарын хүн эл шагналыг хүртсэн юм. Энэ нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дээд шагнал бөгөөд цагаан мөнгөн тэмдэг, гэрчилгээ дагалддаг аж. Тус холбооны дүрмийн дагуу гишүүн байгууллагуудын тодорхойлолт, ажлын албаны саналыг үндэслэн шилдгүүдийг тодруулсан гэнэ. Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнд жирийн ажилчнаас эхлээд ахмад зүтгэлтнүүд, идэвхтэн сонгуультнууд гээд бүх л салбарын хүмүүсийг шагналаа. Эдгээр эрхмийг үйлдвэрчний эвлэлийн сонгуульт болон эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон түмний талархал хүлээсэн хэмээн үзэж шагнасандаа баяртай байна” гэв.
