
Монгол Улсад гэмт бүлэглэл байгуулж, мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсан 800 орчим хятад иргэнийг өнгөрсөн оны аравдугаар сард нэр бүхий зочид буудлуудаас баривчилсан билээ. Улмаар тус хэргийг зохион байгуулсан гэх БНХАУ-ын 15 иргэнд шүүхээс 9-12 жилийн ял оноосон юм.
Тэгвэл тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан өндөр үзүүлэлт бүхий компьютеруудыг эрүүл мэндийн салбарт олгож өгөхийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн байнгын хорооны хуралдааны үеэр хүсжээ.
Тэрбээр "Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр компьютерын асуудал их байна. Хэдийгээр интернет, шилэн кабелаар холбогдсон байгаа ч компьютерууд маш хуучирчихсан. Тийм учраас нэг хэсэг сүр дуулиантайгаар баривчлаад байсан 800 хятадаас хурааж авсан компьютеруудыг эрүүл мэндийн салбарт өгөх боломж бий юу" гэв. Түүний дээрх хүсэлтэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Тагнуулын Ерөнхий газраас асууж өгье" гэж мэдэгджээ.