
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 193 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Эдгээрээс 136 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд гурван хүн гэмтсэн байна.
Зам тээврийн ослоос дурдвал:
Энэ оны нэгдүгээр сарын 10-ны 18.06 цагийн орчимд СХД-ийн 36 дугаар хороо, Алтан овооны зам, Улиастай их дэлгүүрийн урд замд Toyota Vitz маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 0.89%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч Л-г мөргөж, ослын газрыг орхин явсныг шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Энэ оны нэгдүгээр сарын 10-ны 19.40 цагийн орчимд СБД-ийн 13 дугаар хороо, Чингэлтэй өргөн чөлөө, 13 дугаар хорооны баруун замд Toyota prius маркийн автомашины жолооч 32 настай эрэгтэй Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 2.17%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota prius маркийн автомашинтай мөргөлдсөн. Ослын улмаас жолооч Н гэмтсэн.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.