“Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Чулуут голд зэвэг, хадрангийн 480 мянган жарамгайг нутагшуулжээ. Тус байгууллагынхан “Монголын агнуурын загас” холбооныхонтой хамтран 2019 оноос загас үржүүлгийн төсөл хэрэгжүүлж, жил бүрийн хавар хагас саяас дээш тооны жарамгайг Сэлэнгэ мөрний эх Чулуут голд нутагшуулж ирсэн юм. Өнөө жил 530 мянга орчим түрснээс үр тогтоож, лабораторийн орчинд бойжуулсан ч 50 мянга нь хорогдсоноор ийм тооны жарамгайг байгальд тавьжээ. Ингэснээр эл байгууллагынхны нутагшуулсан загасны тоо 4.5 саяас давав.
“Чулуут тул”-ынхан тул болон агнуурын бусад зүйлийн загасыг өсгөж үржүүлэх, хамгаалах, сэргээн нутагшуулах зорилгоор Чулуут голын сав газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Тухайн үед тус гол агнуурын загасны нөөцгүй, экосистем нь доголдож эхэлснийг судлаачид тогтоогоод байв. Тэгвэл сүүлийн долоон жилийн байгаль хамгааллын ажлын үр дүнд 2030 он гэхэд Чулуут голын загаснууд хүний оролцоогүйгээр бие даан өсөх чадвартай болох боломж бүрджээ.
Н.Дүүлэн