Эрчим хүчний салбарынхан цалин нэмэх болон бусад асуудлаар ажил олгогч талтай хэлэлцээрт хүрээгүй тул энэ сарын 30-нд 08.00 цагт ажил хаяхаа мэдэгдсэн. Эл салбарын 6600 хүн ажил хаяхаа илэрхийлжээ. Тэгвэл энэ талаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхай үйлдвэрчний холбооныхон өчигдөр мэдээлэл өглөө. Эрчим хүчний салбарт 17 мянга гаруй хүн ажиллаж буйгаас 14 мянга нь тус холбооны гишүүн аж. Тэдний үндсэн цалин нь 1.8-2.5 сая төгрөг гэнэ. Дэлхий нийтэд эрчим хүчний салбарынхан бусдаасаа 2-3 дахин өндөр үнэлэмжтэй байдаг. Энэ нь хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажилладагтай нь холбоотой гэнэ.
Уг холбооны эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Бид зөвшилцөлд хүртлээ хугацаагүй ажил хаяна. Гэхдээ эрчим хүчний салбарын аюулгүй байдлыг хангах шаардлагатай учир захиргааны болон урсгал засвар хийж буй ажилчид эхэлж ажил хаях юм. Эрчим хүчний салбарынхан энэ оны нэгдүгээр сарын 8-наас Эрчим хүчний яам болон ажил олгогч талтай хамтын хэлэлцээр эхлүүлж, ажилчдын үндсэн цалинг нэмэх, нийгмийн бусад асуудлаар шаардлага хүргүүлсэн. Мөн 2025 оны хэлэлцээрээр цалин хөлсний асуудлыг шийднэ гэж тохирсон юм. Өөрөөр хэлбэл, цалин хөлсийг 30 болон түүнээс дээш хувиар нэмэх, ажилчдын бусад нэмэгдлийг олгох талаар тохирсон ч энэ хугацаанд ажил олгогчийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авалгүй, “цалин нэмэх” боломжгүй гэсэн хариулт өгсөөр ирсэн. Эл асуудлаар Засгийн газар болон холбогдох газруудад хандсан ч тохиролцоонд хүрээгүй тул хөдөлмөрийн зуучлагч ажиллууллаа. Ингээд ч үр дүнд хүрээгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.4-ийн дагуу ажил хаях нөхцөл бүрдээд байна. Салбарын хэмжээнд цалин нэмэхэд 180-200 тэрбум төгрөг шаардлагатай. Эрчим хүчний сайд компанийн менежментээр явах ёстой гэсэн. Гэтэл үнэ тарифыг нэмэх асуудалд Засгийн газар оролцож байгаа. Хэрэв компанийн асуудал гэж үзэж буй бол цахилгаан, дулааны үнэ нэмэхийг хойшлуулах тухай ярих ёсгүй. Энэ бүхнийг шийдэх субъект бол Засгийн газар, УИХ, Эрчим хүчний яам” гэв.
Ч.Туяа