Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр агаарын температур 50 хэмээс давж халах нь 2023 оноос хойш эрчимжсэнийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-аас мэдээллээ. Тухайлбал, сүүлийн гурван жилд Хятад, Америк, Алжир, Пакистан, Мексик, Марокко, Иран, Энэтхэг, Саудын Араб зэрэг улсын газар нутагт агаарын температур аюултай түвшинд хүрсэн байна. Хамгийн өндөр температур АНУ-ын Калифорни мужийн Үхлийн хөндийд 2024 оны долоодугаар сарын 7-нд бүртгэгдсэн бөгөөд тухайн өдөр 53.9 хэмд хүрч халжээ. Түүнчлэн Кувейт улсын Жахра хотод 53.1, Хятадын Санбаод 52.2, Мексикийн Тепачед 52, Пакистаны Синд мужид 52.5 хэмд хүрсэн нь агаарын температурын үнэмлэхүй өндөр үзүүлэлт болсон байна.
Аюултай түвшинд халж байгаа газруудын ихэнх нь морин өргөргийн бүсэд байршиж буйг Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас гаргасан зурагт тэмдэглэжээ. Дэлхийн хойд ба өмнөд өргөргийн 30 градусын энэ бүс нутагт салхигүй, тогтуун, агаар нь харьцангуй хуурай байдаг учир далайчид усан онгоцоо хурдлуулахын тулд бараа таваараас эхлээд уналгын морио хүртэл далай руу шидэн ачаагаа хөнгөлдөг байж. Тиймээс horse latitude буюу морин өргөрөг хэмээн нэрлэх болсон ажээ. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр тус бүс нутагт хэт болон аюултай түвшинд халах үзэгдэл эрчимжих эрсдэлтэйг шинжээчид анхааруулж байна.