Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд асан Батсүхийн Баярсайхантай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
-Бидний урилгыг хүлээн авч, ярилцахаар зөвшөөрсөнд баярлалаа.
-Элчин сайдын томилолтын хугацаагаа дуусгаж, эх орондоо ирээд удаагүй байна. Надтай ярилцах санал тавьсанд баярлалаа.
-БНМАУ, ЗСБНБУ хоёул социалист лагерьт багтан, олон жил найрсаг харилцаатай явж ирсэн. Тэр үед хоёр улсын улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, нийгэм, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа ямар түвшинд байв. Монголчуудын сайн мэдэх хүнд даацын “Белаз”-ууд манай уул уурхайд, “Беларусь” гэгддэг байсан МТЗ тракторыг хөдөө аж ахуйд олноор нь авч ашиглаж ирсэн. Зөвхөн энэ хоёр техникэээр нь Беларусь Улсыг манайхан сайн мэддэг байлаа. Тус улсын их, дээд болон ТМС-иудад манай оюутан залуус олноороо сурдаг байв даа.
-Тийм ээ. БНМАУ ба тухайн үеийн ЗСБНБУ (өнөөгийн Беларусь) нь социалист лагерийн хүрээнд, ялангуяа Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Беларусийн Бүгд Найрамдах Улстай Монгол Улс олон арван жилийн турш нягт хамтран ажиллаж байв. 1940-өөд оны сүүлчээс хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж, төрийн өндөр түвшний төлөөлөгчдийн айлчлал тогтмол хийж иржээ. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Бүгд Найрамдах Улсууд дундаас Беларусь нь манай улстай эдийн засаг, боловсролын чиглэлээр идэвхтэй хамтран ажилладаг бүс нутгийн нэг байсан.
Монголчуудын хамгийн сайн мэдэх “Белаз” хүнд даацын өөрөө буулгагч машинууд, MTЗ буюу “Беларус трактор, зам, барилга, газар тариалангийн төрөл бүрийн техник, 1970-1980- аад онд Монголын томоохон уурхай, үйлдвэрүүд, тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-т “Белаз” машинуудыг олноор нийлүүлж байв. Харин МТЗ тракторуудыг нэгдэл, сангийн аж ахуйнуудад өргөн хэрэглэж ирсэн. Хөрөнгө оруулалтын хувьд социалист эдийн засгийн тогтолцооны үед өнөөгийн ойлголтоор гадаадын шууд хөрөнгө оруулалт гэхээс илүү техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, мэргэжилтэн илгээх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлбэр давамгайлж байв. Беларусийн инженер, техникчид Монголд ажиллаж байсан бөгөөд Монголын олон инженер Беларусийн үйлдвэрүүдэд дадлага хийж байжээ.
Боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хувьд таны дурдсанчлан, энэ бол хамгийн өргөн хүрээтэй салбаруудын нэг. Монголын олон зуун, магадгүй хэдэн мянган оюутан, мэргэжилтэн Беларусийн их, дээд сургууль болон техник мэргэжлийн сургуулиудад суралцжээ. Ялангуяа, Беларусийн Үндэсний техникийн их сургууль, Үндэсний их сургууль, Хөдөө аж ахуйн академид инженер, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч, механикжуулалтын чиглэлээр монгол залуус суралцаж байв. Мөн Минск болон бусад хотын Техник мэргэжлийн сургуулиудад тракторчин, механик, цахилгаанчин, үйлдвэрийн техникч зэрэг мэргэжлээр олон монгол залуусыг бэлтгэсэн.
Нийгэм, соёлын харилцааны хувьд соёлын өдрүүд, уран бүтээлчдийн солилцоо зохион байгуулдаг байсан юм. Тухайлбал, 1990 оныг хүртэлх хуучнаар ЗХУ-д дэд эрдэмтний зэрэг хамгаалсан болон эрдэмтдийн бүтээлийг Беларусийн Үндэсний номын санд хадгалж байна. Ном хэвлэл, кино, телевизийн нэвтрүүлэг харилцан солилцдог. Мөн монгол хэлээр орчуулсан Беларусийн зохиолчдын бүтээл хэвлэгдсэн төдийгүй спортын хамтын ажиллагаа ч идэвхтэй байсан юм.
1980-аад оны төгсгөл хүртэл Монгол, Беларусийн хамтын ажиллагаа нь Зөвлөлтийн бүрэлдэхүүн дэх Бүгд Найрамдах Улсуудтай хийж байсан харилцаанаас нэлээд идэвхтэйд тооцогддог. Монголын уул уурхай, хөдөө аж ахуй, техникийн боловсролын хөгжилд тус улсын сургалт бодит хувь нэмэр оруулсан гэж үздэг. Тиймээс олон монгол хүний хувьд Беларус “Белаз”, МТЗ трактор, Минск хотод сурч төгссөн ахмад инженерүүд, механикчид сайнаар дурсдаг.
-Монгол Улс БНБУ-тай олон жилийн харилцаатай ч аль аль талдаа ЭСЯ-аа нээгээгүй, хавсран суух Элчин сайдтай явж иржээ. Монгол Улс тус улсад ЭСЯ-аа нээсний дараа суусан анхны Элчин сайд нь Та. Дөрвөн жил гаруй ажиллаад эх орондоо ирлээ. Байнгын ажиллагаатай ЭСЯ-тай болсноор хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд ямар өөрчлөлт оров?
-Монгол Улс, Беларусь Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тууштай хөгжүүлж ирсэн. Гэсэн хэдий ч бараг 30 жилийн хугацаанд харилцаагаа хавсран суугаа Элчин сайдаар дамжуулан хэрэгжүүлж байсан бол 2019 онд Минск хотноо Монгол Улсын Элчин сайдын яамыг нээсэн нь хоёр улсын харилцаанд чанарын шинэ шат эхлүүлсэн.
Байнгын ажиллагаатай Элчин сайдын яамтай болсноор юуны өмнө улс төрийн яриа хэлэлцээний идэвх эрс нэмэгдлээ. Төрийн байгууллагууд, яам, агентлагууд, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаа илүү шуурхай болж, өмнө нь алсаас зохицуулдаг байсан олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломж бүрдсэн. Энэ нь хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг нээхэд чухал түлхэц боллоо.
Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Элчин сайдын яам бодитой үүрэг гүйцэтгэсэн. Беларусь Улс нь машин механизм, хөдөө аж ахуйн техник, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хөгжлөөрөө бүс нутагтаа танигдсан орон. Манай Элчин сайдын яам Монголын аж ахуйн нэгжүүдийг Беларусь болон Евразийн эдийн засгийн холбооны зах зээлтэй холбох, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд анхаарч ажилласан. Үүний үр дүнд хоёр улсын бизнесийн байгууллагуудын харилцаа идэвхжиж, хамтарсан төсөл, худалдааны хэлэлцээрүүдийн тоо нэмэгдлээ.
Боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд ч ахиц гарсан. Беларусийн их, дээд сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудтай тогтмол ажиллах, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр олон ажил хэрэгжүүллээ. Түүнчлэн тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх боломж эрс сайжирсан. Ялангуяа, цар тахлын хүнд жилүүдэд Элчин сайдын яам газар дээр нь ажиллаж байсан нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, шаардлагатай мэдээллээр хангах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхэд ихээхэн анхаарсан юм.
Өнгөрсөн дөрвөн жил гаруйн хугацаанд бид Монгол, Беларусийн харилцааг зөвхөн найрсаг харилцааны түвшинд бус, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн бодит хамтын ажиллагаагаар баяжуулж, цаашдын хөгжлийн бат бөх суурь тавьсан гэж үздэг. Цаашид ч хоёр улсын харилцаа харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
-Манай Элчин сайдын яам Беларусьт өөрийн гэсэн байртай болж амжсан уу, эсвэл түрээсийн байртай юу?
-Беларусын нийслэл Минск хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам нь одоогоор түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь Элчин сайдын яам нь суугаа орны үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс оффисын зориулалттай талбай түрээслэдэг жишгээр л ажиллаж байна.
-ЭСЯ-дадаа харилцан газар олгох замаар энэ асуудлыг шийдэх боломжтой юу?
-Онолын хувьд бололгүй яах вэ. Улс орнууд харилцан адил байх зарчмаар газар, эсвэл барилга ашиглуулах замаар ЭСЯ-ны байрны асуудлыг шийдэж болдог. Гэхдээ энэ нь автоматаар хэрэгжүүлдэг дүрэм биш бөгөөд нэн тэргүүнд хоёр улсын Засгийн газар тусгай хэлэлцээр байгуулах, тухайн улсын Газар өмчлөл, ашиглалтын хуулиар зөвшөөрөх, эсэх, харилцан адил нөхцөлөөр хөнгөлөлт үзүүлэх талаар тохиролцох, аюулгүй байдал, байршил, хот төлөвлөлтийн шаардлагуудыг хангах зэрэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Беларусь Улсын хувьд хэд хэдэн улстай ЭСЯ-ны зориулалтаар газрыг харилцан олгох (reciprocity) тухай хоёр талын гэрээ байгуулсан байдаг. Жишээлбэл, Беларусь ба Туркменистан 2011 онд ЭСЯ-ны зориулалтаар газрыг 49 жилийн хугацаатай бэлгэдлийн түрээсээр (жилд нэг ам.доллар) ашиглуулах гэрээ байгуулсан, мөн Казахстантай Дипломат төлөөлөгчийн газрын зориулалтаар харилцан газар олгох гэрээ байгуулж, хоёр тал тус бүр 0.86 га газрыг нөгөө талдаа урт хугацаагаар ашиглуулсан, Азарбайжантай энэ асуудлаар харилцан газар олгох хэлэлцээр байгуулсан байдаг юм билээ. Тиймээс Беларусь өөрийн ЭСЯ-нд зориулсан байр, газаргүй тохиолдолд онолын хувьд болон практикт харилцан адил зарчмаар газар солилцох, урт хугацааны хөнгөлөлттэй түрээсээр асуудлыг шийдэж ирсэн туршлагатай.
-Гадаад орнуудад суугаа манай ЭСЯныханд тулгардаг нэг асуудал нь монгол иргэдтэй холбоотой хэрэг, зөрчил байдаг. Энэ байдал Беларусьт ямар байна вэ?
-Беларусийн хувьд манай ЭСЯ-нд консулын үйл ажиллагаатай хүндрэл, иргэдтэй холбоотой хэрэг, зөрчил харьцангуй бага. Беларусь дахь монгол иргэдийн тоо цөөн, тэдний олонх нь оюутан, бизнес эрхлэгч, албан ажлаар түр оршин суугч. Ер нь хөдөлмөрийн томоохон цагаачлал, хууль бус хөдөлмөр эрхлэлт, олон мянган иргэн төвлөрсөн нөхцөл байхгүй гэж болно. Гэхдээ хүндрэл огт байдаггүй гэсэн үг биш. Беларусь дахь манай ЭСЯ нь паспорт, бичиг баримтын асуудал, иргэн саатуулагдсан, эсвэл осолд орсон тохиолдол, нас барсан, өвдсөн, гэр бүлийн болон иргэний бүртгэлийн зэрэг асуудал байнаа байна.
-ОХУ-ын хамгийн ойрын түнш нь Беларусь. Тиймээс ч Европын холбоо (ЕХ), АНУ-ын олон хоригт орсон. Улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хориг тус улсын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг бол?
-Беларусийн хувьд стратегийн хамгийн ойрын холбоотон нь ОХУ. 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах улс төрийн хямрал, 2022 онд Орос, Украины хооронд үүссэн нөхцөл байдлыг дэмжсэнтэй холбоотойгоор ЕХ, АНУ, Англи болон бусад орон өргөн хүрээний хориг арга хэмжээ авсан. Хоригуудын агуулга нь төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгийг царцаах, банкуудыг олон улсын санхүүгийн системээс хэсэгчлэн тусгаарлах, технологи, машин механизмын экспортод хязгаарлалт тавих, калийн бордоо (potash), газрын тосны бүтээгдэхүүн зэрэг экспортын гол салбаруудаас гадна шинээр хөрөнгө оруулах, зээлийн санхүүжилтийг тус тус хязгаарлаад байна. Тухайлбал, Беларусийн экспортын хамгийн том бүтээгдэхүүнүүдийн нэг болох калийн бордооны салбар ихээхэн дарамтад орсон. Өмнө нь Европын боомтуудаар дамжин дэлхийн зах зээлд гардаг байсан бол хоригийн дараа ложистик хүндрэлтэй болсон. Гэхдээ Беларусь бүх экспортоо алдаагүй, харин ч Оросын зах зээлд илүү түшиглэх болж, Ази, ялангуяа Хятад руу нийлүүлэлтээ нэмэгдүүлж байна. Зарим бүтээгдэхүүнээ гуравдагч орноор дамжуулан экспортолдог.
Сонирхолтой нь, Беларусийн эдийн засгийг нураах сонирхол их байгаа нь ойлгомжтой. Хэдий тийм боловч тус улсын эдийн засаг дахь төрийн өмчит үйлдвэрийн эзлэх хувь өндөр, Оросын санхүүгийн дэмжлэг, төсвийн идэвхтэй бодлого, цэрэг, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн зэрэг нь гаднын улс төр, эдийн засгийн шахалтыг харьцангуй сайн даван туулж байна гэж үзэж болно.
-ЕХ, АНУ-ын улс төр, эдийн засгийн олон хориг нь манай хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлөв. Хоригоос үүдэн хоёр улс хамтын ажиллагааны ямар ямар боломжуудаа алдав?
-ЕХ, АНУ-аас хэрэгжүүлсэн хориг арга хэмжээ нь тухайн улсын олон улсын санхүү, худалдаа, хөрөнгө оруулалтын орчинд тодорхой хүндрэлүүд үүсгэсэн нь мэдээж. Үүний нөлөө манай хоёр улсын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаанд ч тодорхой хэмжээгээр мэдрэгдсэн. Юуны өмнө, санхүүгийн томоохон байгууллагууд болон олон улсын компаниуд хоригийн эрсдэлээс болгоомжилж, хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтын зарим санаачилгаа хойшлуулж, цөөнгүй нь бүр зогсоолоо. Төлбөр тооцоо, банк санхүүгийн сувгууд хязгаарлагдсанаар худалдааны зарим хэлцэл хүндрэх, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээ өсөх зэрэг асуудал тулгарсан. Үүний улмаас эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, өндөр технологийн салбаруудад хэрэгжүүлэх боломжтой байсан зарим төсөл ажил хэрэг болоогүй. Мөн бизнесийн байгууллагуудын хоорондын шууд хамтын ажиллагаа, технологи дамжуулах, хамтарсан үйлдвэрлэл байгуулах зэрэг боломжууд тодорхой хэмжээгээр хумигдлаа.
Гэхдээ нөгөө талаас хориг арга хэмжээ нь хоёр улсын хамтын ажиллагааг бүрэн зогсоосон гэж хэлж болохгүй. Бид харилцаа, хамтын ажиллагааны боломжтой салбаруудад үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, худалдаа, соёл, боловсрол, хүмүүнлэгийн чиглэлийн харилцааг хадгалахыг зорьсон. Тиймээс алдсан боломж байсан ч ирээдүйд улс төр, эдийн засгийн орчин сайжрахын хэрээр эдгээр боломжийг дахин сэргээж, шинэ төслүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
-Өнөөгийн байдлаар манай хоёр улсын худалдааны эргэлт ямар хэмжээнд байна вэ. Бид тус улс руу ямар бараа, бүтээгдэхүүн гаргах боломжтой бол?
-Монгол, Беларусийн худалдаа одоогоор харьцангуй бага хэмжээтэй байгаа ч өсгөх боломжтой чиглэлүүд бий. Худалдааны эргэлтийн өнөөгийн байдлыг 2023 оны НҮБ-ын COMTRADE мэдээллээр авч үзвэл, Монгол Улс Беларусиас ойролцоогоор 32.4 сая ам.долларын импорт хийсэн. Гол импорт нь сүү, сүүн болон хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, хуванцар, модон бүтээгдэхүүн, машин механизм. Манайхаас Беларусь руу хийсэн экспорт ердөө 572 мянган ам.доллар орчим байсан. Экспортын дийлэнх нь тээврийн хэрэгсэл, эрдсийн гаралтай бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл, хоёр улсын худалдаа ойролцоогоор 33 сая ам.долларын түвшинд байгаа бөгөөд манай орны хувьд худалдааны алдагдалтай байна. Беларусь нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн боловч дараах салбарт Монгол давуу талтай байж болно. Юуны өмнө ноос, ноолууран бүтээгдэхүүн, самнасан ноолуур, ээрмэл утас, бэлэн хувцас, сүлжмэл бүтээгдэхүүн зэргийг нэрлэж болох юм. Мөн мах, махан бүтээгдэхүүн, хөлдөөсөн хонь, ямааны мах, органик болон мах, лаазалсан мах экспортлох өргөн боломжтой. Ер нь манай бэлчээрийн мал аж ахуй нь маркетингийн давуу тал болно л доо. Манай улсын хувьд мал аж ахуйн түүхий эд болох арьс шир тэр дундаа боловсруулсан арьс, савхи, арьсан эдлэлийг Беларусьт гаргах боломж бий. Гэхдээ тус улс нь социализмын үеэс эхлэлтэй арьс шир боловсруулах өндөр технологийн үйлдвэрлэлийг сүүлийн жилүүдэд маш сайн хөгжүүлсэн. Беларусьт хүнд, хөнгөн үйлдвэрлэл хөгжсөн тул тэдгээрт шаардлагатай уул уурхай бүтээгдэхүүний эрэлт өндөр. Ялангуяа, боловсруулах үйлдвэрүүдтэй тул жонш, молибден, зарим төрлийн хүдэр, түүний баяжмал түүхий эдийн тодорхой эрэлт бий. Эдгээр түүхий эдийг манайхаас экспортлох бүрэн боломжтой.
-Монголоос хамгийн бодитой экспортлох боломжтой зүйл юү вэ?
-Одоогийн нөхцөлд хамгийн боломжтой нь ноолуур, ноос, арьс шир, биологийн гаралтай хүнс, тэдгээрт чацаргана, органик хүнс, мөн мал эмнэлэг, хорио цээрийн шаардлага хангасан тохиолдолд мах, махан бүтээгдэхүүн байж болох юм. Эдгээр нь өндөр үнэтэй бөгөөд тээврийн зардлыг даах чадвартай бүтээгдэхүүн.
-Тэгвэл хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаанд учирч байгаа саад бэрхшээл юу байгаа бол?
-Мэдээж Беларусьт тавьсан олон улсын улс төр, банк, санхүү, эдийн засгийн хориг маш том саад болж байгаа. Тэгээд ч хоёулаа далайд гарцгүй, тээвэр ихэвчлэн ОХУ-ын төмөр замаар, эсвэл хүнд даацын том оврын машинаар хэдэн мянган км зам туулж, бүтээгдэхүүнээ хоёр талдаа хүргэх нь багагүй бэрхшээлтэй тулгарна. Мөн манайхан Евразийн эдийн засгийн холбооны техникийн болон ариун цэврийн шаардлагыг хангах хэрэгтэй. Беларусь нь Монголын хувьд асар том зах зээл биш боловч ЕАЭЗХ-ны зах зээл рүү гарах “хаалга” болж чадна. Хэрэв экспортын чиглэл сонгох бол нүүрс, хүдэр гэхээсээ илүү ноолуур, ноос, арьс шир, чацаргана, органик хүнс, махан бүтээгдэхүүн дээр төвлөрөх нь илүү бодитой бөгөөд өрсөлдөх чадвартай харагдаж байна.
-Беларусьчууд Монголыг хэр мэдэх вэ, биднийг холбох түүхийн улбаа мөр бий юү. Тус улсад Монголын түүхийг дагнан судалдаг судлаач байдаг болов уу. Элчин сайдын хувьд Та ажиллах хугацаандаа энэ чиглэлээр юу хийв?
-Беларусьчуудын Монголын талаарх төсөөлөл, мэдлэгийг хэд хэдэн үе шаттайгаар авч үзэх нь зүйтэй болов уу. Ахмад болон дунд үеийнхэн нь Монгол Улсыг сайн мэддэг. Учир нь манай хоёр улс XX зууны хоёрдугаар хагаст социалист орнуудын хүрээнд нягт хамтран ажиллаж, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбарт өргөн харилцаатай явж ирсэн түүхтэй. Тухайн үед Монголын олон мэргэжилтэн Беларусьт суралцаж, мэргэжил дээшлүүлж байсан бол беларусь мэргэжилтнүүд манай улсад ажиллаж, бүтээн байгуулалтын олон төсөлд оролцож байлаа.
Харин залуу үеийн хувьд Монголын талаарх ойлголт нь ихэвчлэн Чингис хаан, Монголын эзэнт гүрэн, нүүдлийн соёл иргэншил, уудам тал нутаг, морьтой холбоотой соёл зэрэг дэлхий нийтэд түгээмэл болсон ойлголтоор хязгаарлагдана. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн хөгжил, уул уурхайн салбар, ардчилсан тогтолцоо, олон улсын идэвхтэй бодлого зэрэг нь беларусьчуудын сонирхлыг татаж эхэлж байна.
Монгол, Беларусын ард түмнийг холбох түүхэн улбааг зөвхөн орчин цагийн харилцаагаар хэмжих боломжгүй. Түүхийн хувьд XIII зууны Монголын эзэнт гүрний үеийн үйл явдлууд өнөөгийн Беларусийн нутаг дэвсгэрт тодорхой хэмжээгээр нөлөөлж байсан тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Хэдийгээр энэ нь шууд улс төрийн харилцааны тухай ойлголт биш ч Евразийн өргөн уудам орон зай дахь түүхэн харилцан нөлөөллийн нэг хэсэг юм. Харин орчин үеийн хоёр улсын харилцааны үндэс нь Зөвлөлтийн үеэс бүрэлдэн тогтсон бөгөөд энэ суурь өнөөдөр ч хүмүүс хоорондын харилцаанд тодорхой хэмжээгээр үлджээ.
Беларусьт Монгол судлалын уламжлал харьцангуй даруухан боловч Монголын түүх, хэл шинжлэл, олон улсын харилцаа, нүүдлийн соёлын асуудлыг сонирхон судалдаг эрдэмтэн, судлаачид бий. Тухайлбал, томоохон их, дээд сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагуудад ажилладаг судлаачид Монголтой холбоотой эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны бүтээл туурвиж, олон улсын бага хуралд оролцдог. Мөн Монголын эзэнт гүрний түүх, Евразийн улс төрийн хөгжлийн асуудлыг судалдаг түүхчдийн дунд Монголтой холбоотой сэдэв тогтмол хөндөгддөг.
Миний хувьд Элчин сайдаар ажиллах хугацаандаа улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна хүмүүнлэг, соёл, боловсролын харилцааг онцгойлон анхаарсан. Учир нь, улс орнуудын харилцааны хамгийн бат бөх гүүр нь хүмүүс хоорондын ойлголцол, соёлын харилцаа байдаг гэж би үздэг.
Үргэлжлэл бий.