(Домог зүй, урлагийн мөн чанарт хийсэн тайлал)
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан (Доктор, дэд профессор) Д.ЦЭВЭЭНДОРЖ
Зохиолчид өөрийн нэрийн хуудас болсон бүтээл (brand name) туурвин үлдээх нь бий. Шинэ цагийн уран зохиолд “Зүүдэнд сэрсэн домог буюу Тэнгүрва” хэмээх өгүүллэг бичлэгийн арга туурвил, агуулга хийгээд домог зүйн сэтгэмжийн эрэлхийллээрээ анхаарал татаж эхэллээ. Учир нь уншигчтай ярилцахыг хүсэж өөртөө татан урьж буй зохиомжоороо ялгардаг нь оюун санааны гоо зүй (spiritual aesthetics)-г нээх оролдлого юм. Зохиолч Г.Батжавхлан “Хэн зүүрмэглэхийг хүснэ, түүнд зориулмуй” хэмээсэн нь бүтээлд нэвтрэх хаалга болж байна. Учир нь уншиж эхэлмэгц бодит ертөнцөөс зайчилж зүүд, домог, дотоод ухамсар, цаг хугацааны усархаг орон зай руу орж байгаагаа мэдэрнэ. Тиймээс “Зүүдэнд сэрсэн домог” гэж нэрийдсэн нь өвөрмөц эрэл хайгуултай холбогдож буй юм.
Хүн бүр зүүднээсээ сэрдэг бол зохиолын хувьд домог зүүдэнд сэрж байна. Тодруулбал, домог нь өнгөрсөн дурсамж төдийгүй хүний дотоод ухамсарт амьдарсаар байдаг оршихуй. Иймд өгүүлэгч: бодит хүн үү, эсвэл домгийн дүр үү, нуурын зүүд үү. Аль эсвэл байгалийн өөрийгөө мэдрэх ухамсар уу гэдэг нь зориуд бүдэг, далд үлдэх асуултууд болж буй учраас “Зүүдэнд сэрсэн домог” гэдэг ойлголт зүүд ба бодит байдлын, хүн болон байгалийн, амьдрал болоод домгийн, ухамсар ба мөнх бус хоорондын ялгааг ойртуулж байна.
Мөн “Хэн зүүрмэглэхийг хүснэ...” гэдэг нь энгийн ойлголтоор бус, мэдэрч уншина уу гэсэн дохио, сэдэл (эпиграф) өгч, хүлээн авах сэтгэл зүйд бэлтгэж буй дадгал юм. Өөрөөр хэлбэл, өгүүллэгийг ухаарахын тулд хагас зүүдний байдалд шилжих нь үг, сэтгэлгээний эрлээр тайлбарлагдана. Зохиолын өгүүлэмж уламжлалт хүүрнэл гэхээсээ домгийн “зүүдэн” зохиомжоор өрнөдөг. Учир нь энэхүү өгүүллэгт зураг амь орж, үл үзэгдэх дуу хоолой сонстож, цаг хугацаа “мянган жил мэт” тэлж, өгүүлэгч эцэстээ хөөс болон байгальдаа шингэнэ.
Эдгээр нь бодит ертөнцөд тайлбарлагдах үзэгдлүүд биш бөгөөд зүүд, домог, дотоод ухамсрын далд орон зайн өгүүлэмжүүд юм. Тиймээс зохиолын хөтчийг уламжлалт домгийн зүүдний хэлбэр бус “зүүдэн домгийн шивнээ”, чимээгүй урсгал гэж болно. Өөрөөр хэлбэл, үйл явдал гаднаа хөдөлгөөнгүй мэт атлаа дотоод аглагт оршихуйн уусалт, ухамсрын шилжилт, байгаль ба хүн хоорондын нэгдэл тасралтгүй үргэлжилсээр байдаг нь өгүүллэгийн хамгийн хүчтэй өрнөл чимээгүй хүүрнэх метафизик шилжилтэд нуугдаж буйд юм. Түүнчлэн домгийн эхний өгүүлбэрүүдээс өгүүлэгчийн болон баатрын хэл усархаг, шингэн төлөв (хөдөлгөөн)-т хувирч байна.
“Нуурын алс мандлаас эрчлэн хөөсрөх хү чит давлагаа нуурын захад алгуурлан зөөлөн долгион үүсгэнэ...” Ийнхүү өгүүлэмж, хүүрнэл шулуун биш, долгионтой, амьсгалтай, түрлэгтэй буюу өгүүлбэр өөрөө нуурын хөдөлгөөн мэт давлагаалдаг. Иймээс зохиолын хэл, агуулга хоёр нэгдмэл бүтээгдэж зохиолч зөвхөн нуурыг дүрслээд зогсохгүй нуурын хөдөлгөөн, амин чанарыг бүтээсэн нь анхаарал татаж байна.
Мөн “цахлай өгүүлрүүн” гэсэн зохиомжийн өчил, оруулга нь эртний найруулгын өвөрмөц өнгө аясыг илтгэхийн зэрэгцээ уншигчийг ор чин үеийн бодит цаг хугацаанаас домгийн цаг хугацаа руу шилжүүлдэг. Энэ нь нэг талаар бурхны зохионгуй, нөгөө талаар монгол аман туульсын өгүүлэхүйн хэлбэрийг санагдуулах ч бодит ба домгийн зааг ялгааг нягтруулж дүр нь ч энэхүү завсрын орон зайд оршиж байна. Өгүүлэгч: хүн атлаа усны амьтан мэт, зураач байтлаа бясалгагч мэт, домгийн дүр мөртөө дотоод ухамсрын хэлбэр адил дүрслэгдэнэ.
“Тэр өөрийгөө уснаас үүссэн гэдэгт гүн бат итгэнэ”. Орчин үеийн шинжлэх ухаанд амьдрал уснаас үүссэн гэх онол хүчтэй түрж буй. Зохиолч энэхүү шинжлэх ухааны “дурсамж”-ийг домгийн сэтгэлгээнд уусган дотоод үүслийн мөн чанар болгон хувиргажээ. Энэ санаа өгүүллэгийн турш улам гүнзгийрч нуур нь байгаль эх, “ижий” нь болдог бол ус нь амьдралын эх сурвалжаас гадна ухамсрын өмнөх (амгалан) оршихуй болон садансана. Тиймээс зохиолын эхлэл нь “домог сэрэх мөч”, байгалийн дотоод дуу хоолойтой болох эгшин, хүн өөрийгөө тусгаар бодгаль бус болохыг зөнгөөрөө мэдэрч эхлэх дохио, санамж юм.
“Тэнгүрва” өгүүллэг нь нуурын хөвөөнд амьдрах нэгэн зураачийн домог түүх мэт санагдавч давтан уншихад хүн ба байгалийн шүтэлцээ, ур лагийн мөн чанар, уран бүтээлчийн сэтгэмж, амьд байгалийн мөнх бус чанарыг эргэцүүлсэн метафизик гүн ухааны өгүүлэмж болон тэлж байна. Өгүүллэгийн хамгийн онцгой шинж нь түүний далд урсгал бөгөөд зохиолч үйл явдлыг хурц зөрчил гэхээсээ чимээгүй хөдөлгөөнөөр бүтээжээ. Тиймээс зохиолын үйл явдал хүмүүс хооронд бус, хүн ба байгаль, сэтгэмж эрэлхийллийн тойрогт өрнөнө.
Өгүүлэгч өөрийгөө “уснаас үүссэн” хэмээн мэдэрдэг нь уг гарвалийн тухай дотоод домог буюу байгалиас ангид “хүн” гэхээсээ өөрийгөө таньж буй сэрэхүй юм. Тийм учраас нуур нь байгалийн дүрслэлээс гадна эхийн архетип болон хувирна. Тэрээр нуурыг “ижий” хэмээн дуудаж дотоод залбирал нь: “Би тэнгэрт одохгүй, газарт ширгэхгүй, тэнгис далай ижий минь тандаа шингэж дөлгөөхөн нуурынхаа нэгээхэн түрлэгт хувирнам...” гэсэн өгүүлбэрээр илэрч байна. Энэ нь үхлийн тухай ердийн өгүүлэмж гэхээсээ төрөл сэлгэж анхдагч оршихуй руугаа буцах хүслийн илэрхийлэл буюу. Хүн төрөлхтний со ёл иргэншилд өөд болоочоо газар шороонд онголох, усанд тавих зан үйл түгээмэл байдаг нь “эх үүтгэл рүү буцаах” архетип сэтгэлгээтэй холбоотой.
Би баатрын зурахуйн урлаг ч мөн энэ гүн ухааны үргэлжлэл болно. Тэр бээр нуурын давлагаа, салхи, үүлс, гэрлийг зурж үзэгдэвч үнэндээ хүний сэтгэлийг төлөөлүүлж байдаг. Тиймээс “Нуурын долгис бол хүмүүний сэтгэлийн салхины илэрхийлэл аж” хэмээн хүүрнэдэг нь байгаль ба хүний дотоод ертөнц хоёрын харилцан шүтэлцээг илэрхийлсэн сэтгэмж мөн. Байгалийн хөдөлгөөн, хүний сэтгэлийн үймээн хоёрын эсрэгцэл буюу нуурын давлагаа-салхи нь дотоод түгшүүр, дөлгөөн усны мандал нь амар амгаланг төлөөлдөг. Ийнхүү байгаль дэлхий хүний мэдрэмжийн тусгал төдийгүй түүний үргэлжлэл болон оршино.
Нэгэн хүн уянгын баатраар бурхан зуруулахыг хүсэн зөвшөөрүүлэхэд хүний дүртэй шуумал бус нар зурдаг. Энэ хэсэгт зохиолч “бурхан” гэх ойлголтыг шашны дүрслэлээс гарган космогоник (cosmogony) гэрлийн хэмжээнд аваачжээ. Өгүүлэгчийн өчсөнөөр “Наран болбоос дээрээс газрын түмэн бодист халуун дулаан сэтгэлээ түгээж байдаг” нь энгийн байгаль шүтлэг биш юм. Нар энд энэрэл, өглөг ялгалгүй гэрэлтүүлэн ивээгч болж “Наранд цэвдэг хүйтэн сэтгэл, атаа хорсол, муу санаа байдаггүй” хэмээн зохиолч ёс суртахууны асуудлыг байгалийн дүрслэлээр дамжуулан илэрхийлжээ.
Зохиолын өөр нэгэн онцлог бол дотоод монологийн бүтэц юм. Өгүүлэгч хүмүүстэй бараг ярьдаггүй, харин нууртай, салхитай, өөртэйгөө ярилцахдаа үйл явдлаа зохиомжилж буй урлалтай. “Ай хөөрхий гуниг сэрлийн нугачаа мэт нуур мину...нулимс мину... ижий мину...” хэмээн түүний дотоод өчил уянгын өгүүлэмжтэй бодол бясалгал, залбирал бүхий урсгал болон хүүрнэнэ. Уянгын баатар хамгийн сонгомол зургаа бүтээх үед үл үзэгдэгч нэгэн “Яг л амьд мэт зуржээ” хэмээн дуу алддаг. Энэ мө чөөс эхлэн мөнөөх зураг бүтээгчээсээ тасарч эхэлдгийг зохиолын туйл “эцэж цуцсан”-аар тайлбарлаж болох бөгөөд зураг ус руу алсарна. Өгүүлэгч араас нь тэмүүлэвч улам холдсоор байдаг нь гүн харууслыг төрүүлэх ч урлагийн бүтээл төрөх мөчид бүтээгчээсээ салдаг зүй тогтол мөн.
Үүнээс “байгалийн өөрийгөө зүүдлэх хэлбэр урлаг байж болох юм” гэсэн санаа урган гарч, өгүүлэгч зураач биш, нуур өөрийгөө танихын тулд түр зуур бүтээсэн зүүд болж байна. Энэ санааг өгүүллэгийн бүтэц баталж буй нь Байгаль-Хүн-Урлаг гэсэн бүдүүвч юм. Өөрөөр хэлбэл, урлаг нь байгалийг дүрслэх уран бүтээл чийн үйлдэл гэхээсээ хүний дотоод ертөнцөөр дамжин өөрийгөө илэрхийлэх хэлбэр болжээ. Нэг ёсондоо хүн байгалийн тухай зүүдэлсэн домог биш, байгаль өөрийгөө хүний зүүдээр дамжуулан санан дурсах оролдлого гэж болохоор байна.
Өгүүллэгийн төгсгөлд уянгын баатар “ижий нуурынхаа долгист хөөс болон хувирч” одоход хөөс уснаас ангид мэт харагдавч үнэндээ ус аяндаа. Өгүүлэгч ч мөн адил өөрийгөө бие даасан дүр гэж сэтгэж асан ч мөн чанартаа нуурын түр зуурын “үзэгдэл” байжээ. Энэ утгаараа зохиол гунигтай мөртлөө тайвшралтай төгсөх нь өгүү лэгч үхэлд хувирах бус хувь сайтын хязгаар задран эх үүтгэлдээ эргэн нэгдэж буйтай холбоотой. Иймд зохиолыг зөвхөн домог өгүүллэг төдийгүй хүн байгалиас салангид оршихуй юу, түр зуур өөрийгөө ангид хэмээн зүүдэлж буй байгалийн агшин уу гэсэн асуултыг уншигчдын өмнө дэвшүүлсэн сэтгэмж, гүн ухаан, гоо зүйн туурвил гэж болох юм. Учир нь байгаль хүнээр дамжин “урлаг” болж эргээд байгальдаа шингэн одож буйгаараа уншигч, судлаачдын анхаарлыг татах боллоо. “Тэнгүрва” зохиол хүн байгалийн тухай зүүдэлсэн домог биш, харин байгаль өөрийгөө хүний зүүдээр өртөөлүүлэн санан дурсах оролдлого болжээ гэдгийг давтан хэлье.