
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумд галын улмаас хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Хүйтний хошуу” гэдэг газарт гэр шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 8-ны өдрийн 23.10 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид есөн км зам туулан очиход иргэн Б-ийн таван ханатай гэр, өвөлжөө шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан байна.
Гал түймэрт 37 настай эмэгтэй А болон 6 настай эрэгтэй Б нар өртөж амиа алджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, гэрийн эзэн зууханд гал асаахдаа бензин ашигласны улмаас дээрх харамсалтай явдал болсон гэнэ.
Энэхүү мэдээг сэрэмжлүүлэх үүднээс нийтэлсэн болно.