Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баавгайд “алгадуулсан”хөрөнгийн зах

2022-08-01

Монголын хөрөнгийн зах зээл өнгөрсөн жил өндөр өсөлттэй байсан. Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн удирдлага “Монголын хөрөнгийн зах зээл түүхэнд байгаагүй өндөр өсөлттэй байлаа” хэмээн онцлон тэмдэглэж байв. Хөрөнгийн зах зээлийн индексүүд болон үнэт цаасны ханш өсөхийг бух зах зээл гэдэг. Бух уулын өөд мөргөж хөөдөг учир ийн бэлгэддэг. Тэгвэл бирж дээрх үнэт цааснуудын ханш унаж, арилжааны идэвх сулрахыг баавгай зах зээл гэнэ. Баавгай уулын уруу алгадаж унагадаг учир ийн ёгтолдог хэрэг. Хөрөнгийн зах зээлийг өнгөрсөн жил бух уулын өөд мөргөн хөөж байсан ч энэ жил баавгай алгадаж орхижээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хөрөнгийн зах зээлд үнэт цаасны арилжаагаар 2022 оны эхний хагас жилд 246.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ нь өнгөрсөн оны эхний хагас жилийнхээс 372.6 тэрбум төгрөг буюу 60.2 хувиар буурсан үзүүлэлт болов. Өөрөөр хэлбэл, арилжааны дүн 60.2 хувиар буурсан нь хөрөнгийн зах зээлийн идэвх хоёр дахин суларсныг илэрхийлэх үзүүлэлт юм. Монголын хөрөнгийн бирж энэ оны эхний хагас жилд 154.1 сая ширхэг үнэт цаас арилжжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 209 сая ширхэг буюу 57.6 хувиар буурсан үзүүлэлт. Арилжсан үнэт цаасны тоо ширхэг буурсан учраас үнийн дүн нь “уруудах” нь дамжиггүй. Худалдсан үнэт цаасны тоо ширхэг мөн л хоёр дахин буурсан байгаа биз. Хөрөнгийн зах зээл баавгайд нэлээд хүчтэй алгадуулжээ. Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн зургадугаар сард 16.5 сая ширхэг үнэт цаас арилжсан байна. Энэ нь өмнөх сарынхаас 1.9 сая ширхэг буюу 10.3, өмнөх оны мөн үеийнхээс зургаан сая ширхэг буюу 26.5 хувиар буурсан үзүүлэлт аж.

Бух өнгөрсөн жил олон компанийн хувьцааг уулын өөд мөргөж хөөсөн. Өөрөөр хэлбэл, олон компанийн хувьцааны ханш өссөн гэсэн үг. Тэдгээрийн тэргүүн магнайд АПУ компани явж байлаа. Тус компанийн хувьцааны ханш 2020 онд 605 төгрөгтэй дүйж байв. Тэгвэл өнгөрсөн жил 1900 төгрөг давж, гурав дахин өссөн юм. Улмаар АПУ-гийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд төгрөг давсан удаатай. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 40 хувийг бүрдүүлэх үзүүлэлт байв. Тэгвэл тус компанийн хувьцааны ханш энэ онд доошлов. Монголын хөрөнгийн зах зээлийн өнгөрсөн баасан гаргийн арилжааны хаалтын ханшаар АПУ-гийн хувьцаа 1353 төгрөгийн үнэтэй байна. Ийнхүү гаартлаа өсөж байсан хувьцааны ханш 30 хувиар унав. Гэвч АПУ компанийн зах зээлийн үнэлгээ 1.4 их наяд төгрөгтэй дүйж, хөрөнгийн захад жин дарсаар л байгаа.

Монголын хөрөнгийн бирж албан ёсны цахим хуудсандаа “Өнгөрсөн онд цар тахлын нөхцөл байдлын улмаас дэлхий дахин эдийн засгийн хүнд сорилтуудтай тулгарсан ч Монголын хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Хөрөнгийн зах зээлд бий болсон эдгээр таатай уур амьсгалын зэрэгцээ Монголын хөрөнгийн биржийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжран 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн орлого олж, 2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдууллаа. Түүнчлэн Улсын төсөвт 530.8 сая төгрөгийн татвар, хураамжийг зохих хуулийн хугацаанд нь бүрэн төлж, татварын дараах цэвэр ашгийг 3.2 тэрбум төгрөгт хүргэж ажилласан нь компанийн 30 жилийн түүхэн дэх онцлох үзүүлэлт болж байна” гэж бичжээ.

Өнгөрсөн жил үнэт цаасны өдрийн дундаж арилжаа өмнөх оныхоос 22 дахин өсөж, 5.7 тэрбум төгрөгт хүрчээ. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 5.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2020 оныхоос 95.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн “Топ-20” индекс 44 мянган нэгжийн түвшнийг давж, 133 хувиар өссөн гэнэ. Үүнийг дэлхийн томоохон индексүүдтэй харьцуулахад дунджаар тав дахин өндөр үзүүлэлт гэж Монголын хөрөнгийн биржийнхэн мэдээлж байна.

...Банкууд хувьцаагаа арилжсаны дараа Монголын хөр өнгийн зах зээлийн үнэлгээ хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцож буй. Одоогоор хөр өнгийн зах зээлийн үнэлгээ таван их наяд төгрөг давж, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувьтай тэнцдэг болсон. Банкууд IPO хийснээр 20 гаруй хувьтай нь тэнцдэг томоохон зах зээл үүснэ. Тэр үед унаж буй хөрөнгийн зах зээл дахин өөдөлж мэдэх юм...
 

Хөрөнгийн зах зээл ийнхүү өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь хадгаламжийн хүү буурсан явдал юм. Монголбанкнаас мөнгөний бодлогоо зөөлрүүлэн, Төвбанкны үнэт цаасны хүүг зургаан хувь хүртэл бууруулсан. Үүнээс гадна улсын жилийн инфляц өнгөрсөн оны эхэнд харьцангуй бага түвшинд тогтвортой байв. Иймээс банкууд хугацаатай хадгаламжийн хүүгээ жилийн 8.3 хувь хүртэл бууруулсан юм. Аж ахуйн нэгж болон иргэн хүүгийн орлогоос 10 хувийн татвар төлөх хуультай. Татвар төлснөөр хүүгийн орлогын бодит өгөөж нь 7.4 хувь болно. Үүнээс илүү өгөөж хүртэхийг зорьсон хүмүүс банкнаас хадгаламжаа татаж, хувьцаа худалдан авч эхэлсэн. Энэ нь хөрөнгийн зах зээлийн идэвхийг нэмэгдүүлсэн хэрэг. Өнгөрсөн жил иргэд дотоодын хөрөнгийн зах зээлд 2-3 их наяд орчим төгрөг оруулсан гэх таамаг бий.

Монголын хөрөнгийн зах зээлийн огцом өсөлт, авч хэрэгжүүлж буй бодлогын зөв хандлагыг Их Британийн “FTSE Russell” группээс онцгойлон үзсэн. Улмаар тус групп 2021 онд Монголын хөрөнгийн зах зээлийг “Хөгжиж буй зах зээл”-ийн ажиглалтын жагсаалтад оруулав. Тэднийх Монголын хөрөнгийн зах зээлийг “Хөгжиж буй зах зээл” ангилалд оруулахаар ажиглаж эхэлсэн гэсэн үг. Манай хөрөнгийн зах зээл өмнө нь тус группийн ажиглалтын жагсаалтад багтаж байсан. Гэвч Засгийн газар зохистой шийдвэр гаргаж, бодлогоор дэмжээгүй учир хасагдаж байв. “Хөгжиж буй зах зээл” ангилалд багтаж чадвал дэлхийн өнцөг булан бүрт хүрч ажилладаг мэргэжлийн хөрөнгө оруулагчид, томоохон сангуудын хараанд өртөнө. Хөрөнгө оруулалтын сангуудын дийлэнх нь дүрэмдээ “Хөгжиж буй зах зээл” ангилалд багтсан улсын хөрөнгийн зах зээлээс үнэт цаас худалдаж авна гэж заасан байдаг. Уг ангилалд багтаж чадвал Монгол Улс тэдний дүрмийн заалтад багтаж, нүдэнд нь харагдаж эхэлнэ гэсэн үг.

Өнгөрсөн оны эхэнд Банкны тухай хуулийг шинэчлэн баталж, системийн нөлөө бүхий таван банкийг олон нийтийн компани болгох заалт тусгасан. Мөн жижиг банкууд хаалттай хувьцаат компани болох үүрэг хүлээж байгаа. Системийн нөлөө бүхий банкууд активын чанарын үнэлгээгээ хийлгэсний дараа олон нийтэд хувьцаагаа арилжиж эхэлнэ. Ирэх оны зургадугаар сарын сүүлч гэхэд таван банк хувьцаагаа олон нийтэд худалдсан байх ёстой. Банкууд хувьцаагаа арилжсаны дараа Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцож буй. Одоогоор хөрөнгийн зах зээлийн үнэлгээ таван их наяд төгрөг давж, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувьтай тэнцдэг болсон. Банкууд IPO хийснээр 20 гаруй хувьтай нь тэнцдэг томоохон зах зээл үүснэ. Тэр үед унаж буй хөрөнгийн зах зээл дахин өөдөлж мэдэх юм.