Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна

Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил хаяанд ирээд байна. Үүнтэй холбогдуулан нийслэлд төмс, хүнсний ногооны болон хичээлийн хэрэгслийн “Алтан намар-2022” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэл өглөө.

НОГООЧДООС ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР, НЭМЭЛТ ХУРААМЖ АВАХГҮЙ

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх, даршлах боломж бий болгох, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Уг үзэсгэлэн худалдааны үеэр орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас онцолсон юм.

Т.ЗОЛЖАРГАЛ (Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга):

-Нийт 31 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Одоогоор нийслэлийн долоон дүүргийн 17 байршлын 186 цэгт хүнсний ногоо худалдаж байна. Орон нутгаас ирж буй газар тариалан эрхлэгчдийн тооноос хамааран батлагдсан байршлуудыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй.

ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

Х.СҮХБААТАР (Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга):

-Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Сангийн сайд хамтарсан тушаал гаргаж, зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр, төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон. Энэ нь хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилготой. Үүний хүрээнд ХХААХҮЯ, нийслэлийн ХХААГ, дүүргүүдийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хамтран 23 хоногийн сургалт зохион байгуулж, тариалан эрхлэгч иргэдэд мэдээлэл өгсөн. Мөнгөн урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж plant.mofa.gov.mn цахим хуудсанд бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэхдээ газар тариалан эрхэлж буй талбайн хэмжээ, тариалангийн төрөл, халдваргүйтгэл хийж, пестицид ашигласан, эсэх зэрэг мэдээллээ илгээх ёстой. Мөн хөрс, усны лабораторийн шинжилгээнд хамрагдаж, баталгаажуулсан бүтээгдэхүүнд урамшуулал олгох журмын зохицуулалттай юм. Дээрх зохицуулалтыг хийснээр өргөтгөсөн худалдаанд борлуулж буй хүнсний ногоо нь дундын зуучлалгүй буюу ченжийн гар дамжихгүйгээр тариаланчаас шууд хэрэглэгчийн гарт хүрэх боломжтой юм. Мөн өнгөрсөн хавар Засгийн газрын тогтоолын дагуу тариаланчдад 80 хувийн хөнгөлөлттэй үнээр хүнсний ногооны үр олгосон. Харин долдугаар сарын 27-ны Засгийн газрын тогтоолоор ургац хураалт, уринш боловсруулахад шаардлагатай дизель түлшний үнийг тогтвортой байлгаж, шатахууны ханшийн зөрүүг олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй 71 аж ахуйн нэгж, 261 иргэний материалыг холбогдох яамны харьяа хэлтэс, нэгж рүү илгээгээд байна.

176 ТАРИАЛАН ЭРХЛЭГЧ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛЖ ЭХЛЭВ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тогтоосон дээрх 17 байршлын 15-д нь өдгөө 176 тариалан эрхлэгч хүнсний ногоо борлуулж буй юм байна. Ургац хураалт дөнгөж эхэлж буй тул цаашид байршлуудын тоог нэмэх боломжтойг албаныхан хэлж байлаа. Ногоочдоос ямар нэг түрээсийн төлбөр, хураамж авахгүйгээс гадна худалдаа эрхлэх үед үүссэн хог хаягдлыг нийслэлийн холбогдох байгууллагынхан тогтмол цэвэрлэж, ариун цэврийн шаардлага хангуулахад анхаарах гэнэ.

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА НЭЭЖЭЭ

Нийслэлийн холбогдох албаныхны зүгээс хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг мөн зохион байгуулахад анхаарч байна. Тодруулбал, хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн есөн дүүргийн 22 байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж эхэлжээ. Эдгээр байршилд иргэд, аж ахуйн нэгжүүд худалдаа эрхлэхийг хүсвэл харьяа дүүргийнхээ ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүсэлт гаргаж болох гэнэ. Үүний тулд худалдаа эрхлэгчид асар, майхнаа өөрсдөө бэлдэх шаардлагатай. Харин үүнээс өөр нэмэлт хураамж, төлбөр авахгүй юм байна.