Засгийн газрын өнгөрсөн лхагва гаргийн хуралдаанаар мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан, дулааны аргаар боловсруулсан махыг БНХАУ-д экспортлох ажил зохион байгуулах чиглэл өгсөн. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮЯ, Гаалийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 аж ахуйн нэгжийн бэлтгэсэн, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5720.6 тонн мах экспортлох бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байгаа аж.
Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх, бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын тавиурт хурааж хэвших, хөлдөөх камерын температурыг тогтмол хянахад анхаарах хэрэгтэйг ХХААХҮЯ-наас анхааруулав. Мөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, лабораторийн шинжилгээний хариу болон баримт бичгийг хадгалж архивлан, бүртгэл хөтлөх, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зургаан сар тутам хамруулах, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандарт, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор баталсан дотоод хяналтыг мөрдөх шаардлагатайг санууллаа.
Бэлтгэсэн Ц.Ундрал