“Алтан тариа”, “Улаанбаатар гурил” зэрэг томоохон үйлдвэрлэгч дээд болон нэгдүгээр гурилынхаа үнийг кг тутамд нь 200-400 төгрөгөөр нэмжээ. Гурилын үнийг ийнхүү нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдалтай тулгарсныг Монголын гурилын үйлдвэрлэлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн холбооныхон өчигдөр мэдээлэв. Улсын хэмжээнд гурилын 70 орчим үйлдвэр бүртгэлтэй ч өнгөрсөн жил 12 нь л үйл ажиллагаа явуулжээ. Харин энэ онд уг тоо найм болж буурсан байна. Буудайн үнэ нэмэгдсэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардал өссөн зэрэг нь тэдэнд хүндрэл учруулах болсон гэнэ. Тухайлбал, гурил үйлдвэрлэх зардал өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 40 хувиар нэмэгдсэн тул бүтээгдэхүүн борлуулах өртгийг ч өсгөхөөс өөр аргагүйд хүрснийг дээрх холбооныхон хэлэв. Тиймээс эхний ээлжид нэгдүгээр гурилын үнийг нэмсэн гэлээ. Цаашид бусад төрлийн гурилын үнийг ч нэмэхээс өөр аргагүй хэмээлээ. Эл асуудлын шийдэл нь экспортын гарцыг нээх гэдгийг тэд онцлов. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй найман үйлдвэр гэхэд нэг сая орчим тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Гэтэл дотоодын хэрэгцээ 300 000 тоннд ч хүрэхгүй байгаагаас үйлдвэрлэгчид алдагдалтай ажиллаж байна гэв.