
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК), “Цаглашгүй мэдлэг” төрийн бус байгууллагынхан хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Их, дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн хэрэгжилт” судалгаа хийжээ. Уг судалгааны үр дүнгээс өчигдөр олон нийтэд танилцууллаа. ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулын мэдээлснээр бол судалгааны хүрээнд хот, хөдөөний 18 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутнаас санал асуулга авчээ. Тэдгээрээс судалгааны шаардлага хангахуйц 842 оюутны мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийсэн байна. Ингэхдээ 13 эрхийн хүрээнд аль нь зөрчигдөж байгааг судалсан аж. Үр дүнд нь оюутнуудын ялгаварлан гадуурхалтаас ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн нууцаа хамгаалуулах, энэ төрлийн мэдлэг, боловсрол олж авах эрх нь илүүтэй зөрчигдөж буйг тогтоосон гэнэ. Тухайлбал, жирэмслэлт болон төрөлттэй холбоотой ялгаварлан гадуурхалт их, дээд сургуулиудад түгээмэл байгааг онцлов. Жишээ нь, судалгаа хийсэн сургуулиудаас аль нь ч оюутан жирэмсэн, амаржсан тохиолдолд ямар зохицуулалт үйлчлэх талаар дотоод журамдаа тусгаагүй байжээ. Үүнтэй холбоотойгоор багш нар оюутнуудыг ялгаварлан гадуурхах, жирэмсэн үед нь чөлөө олгохгүй байх нь түгээмэл гэнэ.
Түүнчлэн судалгааны хүрээнд их, дээд сургуулийн орчинд бэлгийн дарамт хэр их байгааг тодруулжээ. Судалгаанд оролцогчдын 83 хувь буюу гурван оюутан тутмын хоёр нь ямар нэгэн хэмжээгээр бэлгийн дарамтад өртсөн гэжээ. Бусад оюутан, багш, сургуулийн удирдлага бэлгийн дарамт учруулдаг гэж судалгаанд оролцогчид хариулсан байна. Мөн судалгаанд хамрагдсан оюутнуудын 10 хувь нь бэлгийн замын халдвар авч, эмчлүүлсэн гэжээ. “Энэ үзүүлэлт нь оюутнуудын нөхөн үржихүйн болон бэлгийн боловсрол хангалтгүйг илэрхийлж байна. Судалгаанд хамрагдсан оюутнуудын 30 хувь нь бэлгийн болон нөхөн үржихүйн талаар хангалттай мэдлэгтэй. Үлдсэн хувийнх нь мэдлэг дунд зэрэг болон хангалтгүй байна. Үүнээс улбаалан ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн агуулга, чанарыг сайжруулах шаардлагатай нь харагдлаа” гэж Х.Мөнхзул хэлэв. Үүний зэрэгцээ 18 их, дээд сургуулийн дотуур байранд судалгаа хийхэд жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй оюутан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлээгүй байгаа . Тэр байтугай заримд нь хүн амьдрах наад захын шаардлагыг ч хангаагүй аж. Тухайлбал, гурван дотуур байрны дунд халуун усны нэг газартай, тэр нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагад нийцэхээргүй байжээ.
Бэлтгэсэн М.Оч