Манай улсын өнцөг булан бүрт ажилладаг сайн дурынхны төлөөлөл 500 хүний уулзалт, өдөрлөг болов. Үүнийг “Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ” төрийн бус байгууллагаас өчигдөр болсон Олон улсын сайн дурынхны өдрийг тохиолдуулан зох ион бай гуулсан юм. Бусдад тустай үйл ажиллагааг сайн дураар явуулдаг байгууллагууд энэ үеэр хийсэн бүтээснээсээ танилцуулсан. Тодруулбал, “Боловсрол”, “Өсвөр үе”, “Эрүүл мэнд”, “Хүүхэд хамгаалагчдын бэлтгэл, сургалт”, “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” гэх зэрэг СДҮА буюу сайн дурын үйл ажиллагааны нэгжүүд манайд байдаг аж. Өдөрлөгийн зохион байгуулалтад оролцож буй залуусаас сайн дурын ажлын онцлогийн талаар асуухад “Чөлөөт цагаа зөв өнгөрөөнгөө найз нөхдийнхөө хүрээг тэлж, санал солилцон, хөгжиж боловсрох орчин бий болгодог” гэлээ. Харин ахмад настнууд “Бид хамгийн завгүй хүмүүс. Хаана, хэнд тусламж хэрэгтэй байна, тэр газарт хүрч очоод, зорьсноо биелүүлчихээр сэтгэл санаа сайхан болдог. Сайн дурын байгууллагад нэгдэх үед толгой өвддөг, ууц нуруу гэж байнга үглэдэг байсан бол хоёр, гурван жилийн дараа ямар ч зовуурь мэдрэхгүй гүйж явдаг болсон” гэх зэргээр ярьж байв.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 онд жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ныг Олон улсын сайн дурынхны өдөр болгохоор тунхаглажээ. Сайн дурынхан нь нийгэмд тустай үйл ажиллагаа явуулдаг орон бүрт энэ өдрийг өөр өөрсдийнхөөрөө тэмдэглэдэг. Манай улсын хувьд энэ жил 17 дахь удаагаа тэмдэглэж буй. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 24 564 сайн дурын ажилтантай болжээ. Тэдний дунд нас насныхан байдаг аж.
Бэлтгэсэн Р.Оюунаа