Сэтгүүл зүйн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Ган үзэг-2022” наадам энэ сарын 5-нд боллоо. Уг наадмын “Сонины шилдэг бүтээл” төрөлд “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны тоймч Ж.Сувдмаагийн “Хөшигийн хөндийг хөшиглөсөн шуналын сүүдэр арилаагүй” нийтлэл шилдгээр шалгарч, “Ган үзэг” цом хүртэв. Сэтгүүлч Ж.Сувдмаа дээрх нийтлэлдээ Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумд эхлүүлээд буй Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын ажилд дөнгө болж байгаа газар чөлөөлөлтийн асуудлыг хөндсөн. Түүнчлэн газар чөлөөлөлтөөс гадна усны нөөцийн асуудал шинэ хотын бүтээн байгуулалтад саад бэрхшээл учруулж болзошгүйг баталгаатай эх сурвалжууд, салбарын эрдэмтэн, судлаачдын нотолгоонд суурилан гаргаснаараа дээрх бүтээл ач холбогдолтой юм. Улмаар үүнийг лавшруулан судалсны үндсэн дээр “Дагуул хотын далд бэрхшээл нь усны нөөц” нийтлэл бичсэн нь хотын бүтээн байгуулалтыг хариуцсан ажлын хэсгийнхэнд хүрч, энэ чиглэлд анхаарах шалтгаан болж, нийтлэлийн үр дүн гарсан билээ. Ж.Сувдмаа нь 2015 оноос “Өнөөдөр” сонинд ажиллаж буй бөгөөд байгаль орчны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч, манай шилдэг ажилтнуудын нэг юм. Тэрбээр 2018 онд “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” хамтарсан, цуврал сурвалжилгаараа Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын эзнээр тодорч байсан билээ.
Бэлтгэсэн М.Оч