Хүйтний эрч чангарахаар тулгамддаг асуудлуудын нэг нь ханиад, томуугийн тархалт. Арванхоёрдугаар сарын дунд үе гэхэд эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, коридортоо нэмэлтээр ор засахаас өөр аргагүйд хүрэх үе ч бий. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа ч үүнээс болж саатдаг. Өвөлтэй цуг “ирдэг” энэ асуудалд холбогдох байгууллагууд бэлэн, эсэхийг сурвалжиллаа. Эрүүл мэндийн яамнаас ханиад, томууны идэвхжилт эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч буйг тодруулав. “Томуугийн эсрэг дархлаажуулалтад хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, эмнэлгийн байгуул лагын ажилтнууд зэрэг өвчлөх эрсдэл өндөр тэй хүмүүсийг хамруулаад байна. Өвчлөлөөс сэргийлэхийн тулд иргэд ариун цэврээ сайтар сахих нь чухал. Цаашид хийх ажлын талаар одоогоор шийдвэрлэсэн зүйл алга. Юуны түрүүнд зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад бүрэн хамруулахыг зорьж байна” гэж дээрх яамныхан мэдээлсэн юм.
Аймаг, дүүргийн эмнэлгүүдэд ханиадны улмаас цөөнгүй иргэн хандах болжээ. Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ч.Ариунаа “Нэгдсэн эмнэлэгт томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдүүд эмчлүүлж байгаа. Гэхдээ эмнэлгийн ачаалал нэмэгдээгүй, тусламж, үйлчилгээгээ хэвийн явуулж байна” гэв. Орон нутгийн эмнэлгүүдийн нөхцөл байдлыг тодруулахаар Архангай аймгийн Эрүүл мэндийн төвийнхөнтэй холбогдсон юм. Тэд“Томуугийн эрсдэлийн үнэлгээг долоо хоног тутам хийж байна. Одоогоор өвчлөл харьцангуй бага гэсэн дүгнэлт гаргасан. 10-4 дүгээр сарыг ханиад, томуугийн улирал гэж үздэг. Энэ үед өвчлөл эрс нэмэгддэг” гэсэн юм. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийнхэн“Хүйтний улирал эхлэхээр ханиад ихсэх л байх. Одоогоор ханиадны улмаас эрүүл мэндийн байгууллагад хандсан хүний тоо харьцангуй цөөхөн” хэмээлээ. Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийнхнөөс энэ талаар лавлахад “Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдол өнгөрсөн оныхтой харьцуулахад 1.3 хувиар их байна. Амьсгалын замын цочмог халдвар 28-аар нэмэгдсэн. Дорнод аймгийн хэмжээнд одоогоор 5500 хүнийг дархлаажуулалтад хамруулсан” гэсэн хариулт өгөв.
ИХЭВЧЛЭН 6-10 НАСНЫХАН ӨВДӨЖ БАЙНА ГЭВ
Сургууль, цэцэрлэгт ч ханиадтай хүүхэд цөөнгүй бий. Нийслэлийн 345 дугаар цэцэрлэгийнхэн “Томуугийн дэгдэлт маш их байгаа. Хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулсан болохоор ханиад хүндрэх нь харьцангуй бага, эдгэрэл хурдан байна. Эцэг, эхчүүдэд зөвлөмж хүргүүлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээгээ эрчимжүүлэх, халдваргүйжүүлэх уусмалаар хүүхдийн амыг зайлуулах, шим тэжээлтэй хоол хүнс өгөх зэргээр сэргийлж байгаа” гэсэн юм. Иргэд ханиад, томуу хүрчхээд юуны түрүүнд анхан шатны нэгж буюу баг, хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд ханддаг. Өрхийн эмнэлгийнхэн иргэдэд өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөж, анхан шатны тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүрэгтэй. Хан-Уул дүүргийн зургаадугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулж буй “Чанд-Авиа” өрхийн эрүүл мэндийн төвийнхнөөс ханиад, томуутай холбоотой дуудлага, мэдээлэл хэр ирж буйг тодрууллаа. “Ханиад, томууны улирал эхэлчхээд байна. Хүүхдүүдийн хоолой өвдөж, ханиалгах, халуурах зэрэг шинж
тэмдэг илэрснээр манай байгууллагад ханддаг. Ихэвчлэн 6-10 насныхан өвдөж байна. Хүүхдийн цэцэрлэгийн ирц манай хорооны хувьд 90-92 хувьтай. Тэднээс 4.5-6 хувь нь ханиад, томуугаар өвдсөн байна. Өдөрт найман дуудлага ирлээ гэхэд дөрөв нь хүүхэд ханиад хүрсэнтэй холбоотой байгаа юм. Тиймээс өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь чухал. Томуугийн эсрэг дархлаажуулалтад 700 хүнийг хамруулсан. Үүнээс 500 нь хүүхэд, 30 нь эмнэлгийн ажилчин, цэцэрлэгийн багш. Вакциныг зөвхөн зорилтот бүлгийн хүмүүст хийнэ. Тиймээс сайн дураар хийлгэе гэсэн хүн бүрийг дархлаажуулалтад хамруулах боломжгүй” гэлээ. Баянгол дүүргийн есдүгээр хороон дахь “Их-Амгалан” өрхийн эрүүл мэндийн төвийнхөн “Ханиад, томууны өвчлөл харьцангуй бага байна” гэсэн юм. “Ар манал” эрүүл мэндийн төвийнхөн “Өдөрт дунджаар 20 хүн үйлчлүүлэхэд хоёр нь л ханиадтай байна. Ханиад, томуугийн өвчлөл харьцангуй бага байгаа” хэмээн онцоллоо.
ХЭРХЭН СЭРГИЙЛЖ, ДАВАН ТУУЛАХ ВЭ
Ханиад, томуугаар голчлон хүүхдүүд өвчилдөг. Тиймээс хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал өвөл эрс ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг “Томуу, томуу төст өвчний дэгдэлт 10-4 дүгээр сар хүртэл үргэлжилдэг. Энэ үеийг угтаад хүн бүр, ялангуяа бага насны хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй. Вакцинд хамруулсан хүүхдүүд улирлын томуугийн ид үед өвчлөх магадлал нь арай бага. Өвдсөн ч биеийн байдал нь хүндрэх эрсдэл бага. Томуугийн улиралд юуны өмнө халдвар хамгааллын дэглэм сайн сахих хэрэгтэй. Иргэд “Ковид-19”-өөс хойш халдвар хамгааллын дэглэмийг маш сайн мэддэг болсон. Бага насны хүүхэд л гэхэд гадагшаа гарахдаа амны хаалт заавал зүйх ёстой гээд ойлгочихсон байсан шүү дээ. Гэтэл одоо нийтээрээ тайвшраад халдвар хамгааллын дэглэм баримтлахаа больчихсон. Ялангуяа бага насны хүүхдүүдэд томуугийн улирлын үед амны хаалт илүү хэрэгтэй байна. Манай хүүхэд гэртээ байгаа хэрнээ өвдчихлөө гэдэг. Томчуудын дархлаа сайн учраас амархан өвдөхгүй. Гэхдээ бид халдвар тээгч болдог. Тиймээс дархлаа султай, гэртээ байгаа хүүхдүүддээ ханиад, томуу “хүргэж өгөөд” байдаг л даа. Иймд гараа маш сайн угаах, хоолой, амаа зайлах хэрэгтэй. Хувцсаа бүрэн солих ёстой. Бас чийгтэй цэвэрлэгээ маш сайн хийх нь чухал. Тэгж байж гэртээ байгаа хүүхдүүдээ хамгаалж чадна” гэв. Ханиад, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлж буй хүүхдүүд цөөнгүй. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт эцэг, эхчүүд хүүхдээ тэврэн алхана. Зарим нь час хийтэл уйлж, аав, ээж нь яахаа мэдэхгүй аргадахаар оролдож байв.
Б.АРИУН-УНДРАЛ: АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧТЭЙ 25-26 ХҮҮХЭД ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
Чингэлтэй дүүрэгт ханиад, томууны дэгдэлт хэр байгааг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасгийн их эмч Б.Ариун-Ундралаас тодрууллаа.
-Ханиад, томуу, томуу төст өвчний улмаас танай эмнэлгийн ачаалал нэмэгдсэн үү?
-Одоогоор томуугийн өвчлөл илрээгүй. Харин томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүс, эрүүл мэндийн байгууллагад хандах нь элбэг байна. Аденовирус, ритовирус, риновирус ний гаралтай ханиад түгээмэл байгаа юм. Амьсгалын замын өвчнөөр хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 20-30 хувийг 0-2 насныхан эзэлж байна. 9-14 насныхны хувьд хатгал гаагаар өвчилж, биеийн байдал нь хүндрэх тохиолдол гарах боллоо. Нярай хүүхдүүд ч ханиад нь хүндрээд ирж байна. “2-5 хоног ханиалгаж, халуурлаа” гэдэг. Үзэхээр хатгаа болчихсон байдаг.
-Томуу төст өвчин нь ямар онцлогтой вэ?
-Риновирусний гаралтай ханиадны үед хамрын салт бүрхэвч хөөж, нус гоожих, нүд нуухтах, ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
-Энэ жил ханиад, томууны дэгдэлт эрт эхэлсэн гэж үзэж болох уу?
-Ноднин жилийнхтэй харьцуулахад ханиад эрт эхэлж байна. Амьсгалын замын үрэвсэлтэй, хатгаатай хүүхдүүд манай эмнэлэгт 5-7 хоног эмчлүүлэн, өвчин нь намжаад гардаг. Гэтэл одоо 7-14 хоног ч хатгааны үрэвсэл нь сайн шимэгдэхгүй, бөгшүүлж ханиалгасан хэвээр байна. Өмнөх жилийнхтэй харьцуулахад эдгэрэх явц удаан байна.
-Ханиад, томуугаар өвдөх магадлалтай эрсдэлт бүлгийнхнийгээ дархлаажуулалтад хамруулсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан. Танай эмнэлгээр үйлчлүүлсэн хүүхдүүд вакцин хийлгэсэн байв уу?
-Томуугийн вакцинд цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулсан. Сургуулийн насныхныг ч дархлаажууллаа. Гэвч хүндрэл ихтэй байна. Томуугийн вакцин хийлгэсэн ч хатгалгаагаар өвчилсөн хүүхэд бий. Улам хүндрэхээс сэргийлж томуугийн вакцин хийдэг.
-Ханиад, томуу, томуу төст өвчний ялгааг тодруулж өгнө үү.
-Ханиад нь амьсгалын дээд замын үрэвсэл, вирусний шалтгаантай. Хүүхэд цэртэй ханиалгах, хамраас шингэн нус гарах, нүд нуухтах зэрэг шинж тэмдэг эхний 3-5 хоногт илэрдэг. Цаашдаа долоогоос дээш хоногоор халууралт намдахгүй, бөгшүүлж ханиалгах, цээжээр хөндүүрлэж байвал хатгалгаа гэж үзнэ.
-Хэрвээ ханиад хүрсэн бол гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийж болох вэ?
-Гэртээ чийгтэй цэвэрлэгээг маш сайн хийнэ. Агаараа тогтмол сэлгэнэ. Хүүхэд гадуур явж байгаад ирсэн бол хамрын салстыг нь цэвэрлэж, гарыг нь сайтар угаалгаж, хоолойг зайлуулах, халуун, бүлээн ус уулгах хэрэгтэй. Шим тэжээлээр баялаг хоол хүнс хүүхдүүдэд өгөх нь чухал. Ингэхдээ олон төрлийн хүнсний ногоогоор баялаг орц найрлагатай хоол хийж өгөх нь зүйтэй. Улирал солигдож буй энэ үед хоол тэжээлд нь илүү анхаарах хэрэгтэй. Мөн олон нийтийн газраар хүүхдийг авч явахгүй байх. Ийм газраар дагуулж явах тохиолдолд амны хаалт зүүлгэх нь чухал. Халуурч байгаа үедээ шингэнээ их алддаг тул уух зүйл сайтар өгч байж цэр нь сулардаг. Тиймээс шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй.
-Эмнэлгийн ачаалал ямар байна вэ?
-Манай тасагт 62 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 25-26 нь амьсгалын замын өвчлөлийн улмаас эмчлүүлж байгаа. Үлдсэн хүүхэд нь суулгалтын улмаас хэвтэн эмчлүүлж буй. Нэмэлтээр ор дэлгэхэд 250-280 хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой. Хүүхдийн тоо нэмэгдвэл дотрын тасагт нэмж ор дэлгээд 300 орчим хүүхэд хүлээн авч болно.