Хоёрдугаар сарын эхний 10 хоногт Монгол орны нийт нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Нөгөөдөр буюу лхагва гарагт нутгийн хойд хэсгээр эрс хүйтэрч, цаашдаа 9 хүртэл ихэнх нутгаар цаг агаар муудаж, цас орж, салхи шуургатай байх нь. Ихэнх хугацаанд салхины хурд секундэд 5-10 метр байх бол 5-нд говь, тал, хээр, 6-нд ихэнх нутгаар, 7-нд өмнөд хэсгээр, 8, 9-нд говь, талын бүсэд түр хугацаанд 16-18 метрт хүрч ширүүсэх төлөвтэй гэнэ. 5-7-нд баруун, зүүн, төвийн болон говийн бүсийн ихэнх нутагт хур тунадас орох аж.
Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024 оны цаг агаартай холбоотой онцлох зарим үзүүлэлтийг танилцуулав. Жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ өнгөрсөн онд 280.6 мм-т хүрсэн нь 1940 оноос хойших ахиу хур тунадастай зургаа дахь жил болжээ. Тархалтаар нь авч үзвэл Хэнтийн нуруу, Хэрлэн, Онон, Орхон, Тамир, Туул, Сэлэнгэ зэрэг томоохон голын ай сав орчмоор хамгийн их хур тунадас орсон бол Төв аймгийн Мөнгөнморьт сумд дээд үзүүлэлт бүртгэгджээ. Тус сумд нэг жилийн хугацаанд 618.6 мм хур тунадас орсон байна. Хэнтий аймгийн Онон сумд хоногт 96.8 мм хур тунадас орж, Говь-Алтайн Бугатад салхины хурд секундэд 40 метрт хүрч ширүүссэн нь өнгөрсөн оны үнэмлэхүй их утгаар бүртгэгдсэн гэнэ.
Н.Ган