Нийслэлийн Байгаль орчны газар Туул голын урсцыг байгалийн аргаар сэргээх, экосистемийн доройтлыг бууруулах зорилгоор минж үржүүлэх, нутагшуулах ажлыг биологич, судлаачдын оролцоотойгоор 2012 оноос эхлүүлсэн билээ. Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд ОХУ, ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль авчран өсгөж, Туул голын эх болон түүний цутгал Заан, Тэрэлжид 77 минж нутагшуулжээ. Одоогийн байдлаар нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Минж үржүүлэх, нутагшуулах төвд 41 бодгаль бойжиж буй бөгөөд цаашид 100-150 бүл популяц үүсгэх зорилт тавин ажиллаж байгааг тус байгууллагаас мэдээлэв.
Байгальд нутагшуулсан минж хэрхэн идээшиж буй, энэ ажлын үр дүн ямар байгааг хянаж, үнэлэх зорилгоор нийслэлийн Байгаль орчны газрынхан автомат камерын тусламжтайгаар ажиглалт, судалгаа тогтмол хийж буй гэнэ. Туул, Заан, Тэрэлж зэрэг голуудын ойр орчимд минжтэй таарсан тохиолдолд хэт ойртохгүй байхыг, мөн эл амьтантай холбоотой ямар нэгэн зөрчлийн талаар мэдээлэх бол 7272 0303 дугаарын утсаар холбогдохыг олон нийтэд анхааруулав.
Н.Мишээл