Бор гөрөөс, халиун буга зэрэг амьтад өвөл, хаврын тарчиг цагт идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх, улмаар зэрлэгшсэн нохдод хөөгдөх, хашаа, торонд сүлбүүлэх, машинд дайруулах тохиолдол элбэг гардаг. Нийслэлийн ногоон бүсийн байгаль хамгаалагчид энэ эрсдэлээс сэргийлэн ойн туруутан амьтдын байршил нутагт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Сүхбаатар дүүргийн ногоон бүсийн хоёр байршилд 1000 кг нуурын давс тавьсан байна. Ингэхдээ унанги мод, хожуул ашиглан, хөрсөнд шингэхгүй байхаар байршуулсан аж.
Туруутан амьтдыг эрдэс тэжээлээр хангахад зориулж “Хүрээлэн” төслийн баг нийслэлийн Байгаль орчны газарт санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Цаашид уг ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж буй гэнэ.
Н.Мишээл