Энэ сарын 1-ний байдлаар манай орны нийт нутгийн 80 орчим хувь нь цастай, гол, мөрний мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс болон олон жилийн дунджаас 10-50 см-ээр бага, хангалттай хэмжээнд бэхжээгүй байгааг цаг уурын байгууллаас мэдээлсэн юм. Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээр гаргасан үнэлгээг одоогийнхтой харьцуулахад зудын бага болон дунд эрсдэлтэй газар нутгийн хэмжээ эрс нэмэгдсэн байгааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өчигдөр танилцуулав. Зудын бага, дунд эрсдэлтэй газар нутгийн хэмжээ сүүлийн нэг сарын хугацаанд 20 орчим хувиар нэмэгджээ. Тодруулбал, өдгөө нийт нутгийн 30 гаруй хувь нь нэн их болон их эрсдэлтэй байгаа бол 40 хувь нь дунд, 10 хувь нь бага түвшинд буй гэнэ. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сумын нутагт зудын эрсдэл нэн их болон их гарчээ. 10 аймгийн 30 сум цагаан зудын, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу нөхцөлд байгаа аж. 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын үнэлгээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Говь-Алтай, Архангай аймагт даац их хэмжээгээр олон дахин хэтэрсэн, нөхцөл байдал хүнд буйг цаг уурчид тайландаа дурджээ.
Ж.Сувд