Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт өнгөрсөн онд газар 44 758 удаа хөдөлжээ. Үүнээс Монгол орны нутаг дэвсгэрт газар нийт 22 609 удаа хөдөлсөн байна. Тэр дундаа магнитуд нь нэг хүртэлх газар хөдлөлт 20 149 бүртгэгджээ. Харин хоёр магнитудын хүчтэй нь 5607, гуравтай нь 341 бүртгэгдсэн аж. Харин дөрвөн магнитудын газар хөдлөлт 39 байжээ. Мөн таван магнитудын хүчтэй газар хөдлөлт гурван удаа болсон гэнэ. Зургаан магнитудынх нэг бүртгэгдэж. Монгол Улсын нутаг дэвсгэрт 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 43 бүртгэгдэв. Эдгээр мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарынхан газар хөдлөлтийн хүчийг тодорхойлох станцуудынхаа тусламжтайгаар нэгтгэжээ.
Улаанбаатар хот орчимд өнгөрсөн онд нийт 747 удаа газар хөдөлсөн байна. Тэдгээрээс нэг хүртэлх магнитудын хүчтэй нь 595, хоёртой нь 140, гуравтай нь 11 байсан гэнэ. Түүнчлэн дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт нэг болж. Газар хөдлөлтийн тархалтаар нь авч үзвэл Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Өмнөговь аймагт хамгийн олон удаа хөдөлсөн гэнэ.
А.Үүл