Чех улсын Прага хотод “Чингис хаан” үзэсгэлэн зохион байгуулах талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг үзэсгэлэнг ирэх сарын 10-наас зургаадугаар сарын 22 хүртэл зохион байгуулахаар товыг нь гаргажээ. Монгол болон Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Чехийн Үндэсний музейн “Historical building”-д танхимд дэлгэх уг үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хангагдаад буй аж. Үүнд “Чингис хаан” үндэсний музей болон ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн нийт 170 дэсийн 698 үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэхээр болсон байна.
“Чингис хаан” үндэсний музейнхэн үзмэрүүдийн тээвэрлэлтийн талаар “Олон улсын хилээр чөлөөтэй нэвтрэх тусгай эрх бүхий, ариутгал хийсэн зориулалтын сав, хүчил шүлтгүй баглаа боодлыг тухайн үзмэрийн хэмжээнд тааруулан БНСУ-д захиалгаар хийлгэсэн. Үзмэрүүдээ музейд эргэн ирэх хүртэл хариуцах олон улсын даатгалд хамруулан, гааль, цагдаа, тагнуулын байгууллагынхны хяналтад, Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журмын дагуу тээвэрлээд байна” хэмээн мэдээлэв.
Ч.Зул