“Камертон” хамтлагийнхан 30 жилийн ойн тоглолтоо “Socialpay park”-т энэ сарын 28-нд 15.00 цагт толилуулах нь. Нийт 44 дуунаас бүрдэх эл тоглолтод “18 нас” хэмээх анхны цомгоос эхлээд хамгийн сүүлийн “Хязгааргүй” хүртэлх нийт 11 цомгийн бүх дууг амьд хөгжимтэй олны хүртээл болгохоороо онцлогтой гэнэ. Мөн энэ үеэр тус хамтлагийн гишүүд ганцаарчилсан уран бүтээлүүдээ толилуулах аж. Түүнчлэн “Камертон” хамтлагийнхан 30 жилийнхээ ойг тохиолдуулан “18 нас”, “Best of Camerton” хэмээх пянз гаргаж буй бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох байна. Хөгжим бүжгийн коллежийн дөрвөн хүү тус хамтлагийг 1995 онд байгуулж, уран бүтээлийн гараагаа хүүхдийн “Маамуу нааш ир” дууг хөгжимгүйгээр өнгө салган дуулж видео клип гарган эхэлж байв. Тэдний анхны хит дуу "18 нас" 1995 оны намар олны хүртээл болж, тухайн үедээ шинэлэг уран бүтээл болж байлаа. Үүний дараа 1996 онд анхны цомгоо гаргаж, тоглолтоо хийснээр Монголын хөгжмийн ертөнцөд байр сууриа олсон билээ.