Төгөлдөр хуурч, дуучин, ДБЭТ-ын хормейстер Д.Отгонбаатартай уншигчдаа танилцуулахаар бэлдлээ. Дуурийн театрт төрсөн гэж болохоор, эхийнхээ хэвлийд байх үеэс нь тоолбол 56 дахь жилдээ энэ л ягаан театраас холдоогүй уран бүтээлч тэрбээр Монголын сонгодог урлагийн хөгжилд гэр бүлээрээ зүтгэсэн алдартнуудын үр, үргэлжлэл юм.
Түүний аав нь дуурийн урлагийн үе үеийнхний шүтээн, Монголын сайхан Юндэн Гөөгөө хэмээн алдаршсан дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Ц.Дагванамдал. Ээж нь тус театрын симфони найрал хөгжмийн хийлч, тус найрлын концертмейстер буюу тэргүүн хийлчээр 1991 онд тэтгэвэрт гартлаа ажилласан, Гавьяат жүжигчин Л.Аюуш юм. Мөн төрсөн ах Д.Баатар нь манай улсын анхны мэргэжлийн цохивор хөгжимчдийн нэг бөгөөд гавьяат цолтой. Эгч Д.Энхжаргал нь хийлч. Улсын филармонийн симфони найралд олон жил ажилласан, өдгөө Хүүхдийн ордонд багш.
Чимээгүйхэн ажлаа хийж явдаг, сонин хэвлэл, зурагт, радио гэхээр “Би юу ярих юм. Угаасаа юм ярихдаа муу” гээд зугтчихдаг түүнийг энэ удаа барьж авч чадав.
Хөгжмийн театрын ноён оргил болсон дуурь хэмээх жүжиг нь симфони найрал хөгжим, найрал дуу, гоцлол дуучид хэмээх гурван хэсгээс бүрддэг. Хөгжимчдийг удирдаач залуурддаг бол найрал дуучдыг удирдан зангидаж, дуурьт бэлтгэдэг нь хормейстер буюу найрал дууны удирдаач юм. Ийм мэргэжлийг эзэмшдэг нь тийм ч олон байдаггүй. Тэгэх тусмаа урлагийн гэр бүлд төрсөн, өөрөөр хэлбэл урлаг, хөгжмийн мэдрэмж өндөртэй, төгөлдөр хуурч хэмээх суурь мэргэжилтэй, олон жил дуучнаар ажилласан, мэргэжилдээ дурласан хормейстер байна гэдэг бол ховрын “эд”.
ДБЭТ нь хоёр жилийн өмнө шинээр тавьж, үзэгчдэдээ хүргэсэн Ж.Вердийн “Макбет” дуурийг өнгөрсөн бямба гарагт дахин тоглож, уран бүтээлийн энэ улирлаа өндөрлүүлсэн. Тус дуурийн бэлтгэлийн үеэр зорьж очсон болохоор хормейстертэй уг бүтээлийн талаар эхэлж ярилцлаа.
Дэлхийд өнөө хэр тайзнаас буудаггүй, харин ч жил ирэх тусам үнэ цэн нь нэмэгдэж байдаг олон дуурь бичсэн Ж.Верди ер нь дууриуддаа эрэгтэй найрал дуу түлхүү оруулж, хүчирхэг өнгө аяс илэрхийлсэн нь олонтоо бол “Макбет”-даа эмэгтэй найрлаар сүр хүчийг илтгэснээр онцлог. Дуурийн үйл явдал дунд чөтгөр, шуламтай хэсгүүд байдаг бөгөөд тэдгээрийн дууг эмэгтэйчүүдийн чарлах мэт хэрнээ хахир дуу хоолойгоор илэрхийлсэн. Ерөнхий хормейстер Н.Дашбямба “Чөтгөр, шулмын дуу хоолойг иймэрхүү маягаар гаргавал ямар вэ” гэж ерөнхий найруулагчдаа хэлэхэд, таашааснаар “Макбет”-ын чөтгөр, шулмасуудын дуу бэлэн болсон аж.
Хормейстер Д.Отгонбаатар “Манай театрын ерөнхий найруулагч С.Баттулга “Макбет”-ыг сайн бүтээсэн. Ж.Вердийн бусад дуурьтай харьцуулахад бараг такт бүртээ хөдөлгөөнтэй. Хэдэн такт нь паузтай вэ, тэр бүгдэд амжиж ямар хөдөлгөөн хийвэл болох вэ гэдгийг тооцож, шийдсэнээр тайз тэр чигтээ хөдөлгөөнөөр амилаад ирдэг. Найрал дуучин эмэгтэйчүүд тайзан дээр хийх юм ихтэй, маш идэвхтэй байдаг нь сонирхолтой” хэмээн ярьж байна. Мөн тэрбээр “Гадаадад манай “Макбет” шиг нь байхгүй ээ. Лав Youtube-ийн орчинд үгүй. Тийм болохоор энэ дууриа гадаадын театруудад хамтын ажиллагааны хүрээнд ч юм уу тоглуулбал сайхан гэж боддог. Мөнгө их хэрэгтэй байх л даа. Ардын жүжигчин Э.Амартүвшин сонсоод гайхаж байсан. “Ямар зэвүүн болоо вэ. Та нар ёстой сэтгэж шийджээ” гэж байна лээ. Дэлхийн дуучин тэр хүн тэгж хэлснийг бодоход гадаадын театруудад манайх шиг тавилт байхгүй байх. Тэгэхээр монголчууд шинэ юм хийсэн үг биз дээ. Ядаж л сайн студиэр маш өндөр чанартайгаар бичүүлээд Youtube-д тавих сан гэж боддог юм” гэж байна лээ.
2004 оноос өнөөг хүртэл тус театрт хормейстерээр ажиллахдаа дэлхийн сонгодог болон Монголынхоо хөгжмийн зохиолчдын олон дуурийн найрал дууг хамтран зүтгэгч, ерөнхий хормейстер Н.Дашбямбын хамт удирдан нийлүүлсэн Д.Отгонбаатараас гараас гаргахад хамгийн хэцүү нь ямар дуурь байсныг асуусан юм. Тэгэхэд тэрбээр “Бүгд л ажиллагаатай. Гэхдээ Ж.Вердийн “Аида”-г нэрлэмээр байна. Суут хөгжмийн зохиолчийн оргил бүтээл нь ч юм, бүх талаар гранд болохоор уг дуурийг тавьж, үзэгчдэд хүргэх гэж театраараа амьсгаа дээр байсан өдрүүдийг өнөөдөр дурсахад таатай байна. Найрал дуу нь гэхэд анхнаасаа олон хүнтэй бүрэлдэхүүнд зориулж бичсэнээр ялгаатай. Тиймээс хоёрдугаар үзэгдлийн том найрлыг ДБЭТ-ынхаа найрал дуучдын багийг ЦДБЭЧ-ын дуучдаар өргөтгөн дуулуулж байлаа. Тайзан дээр амьтад гаргаж ирдэг дуурь шүү дээ. Театрынхан маань энэ дуурийг тоглох үеэр нэлээд юм бодогдсон. 1993 оноос найрал дуунд цөөхүүлхнээ үлдчихээд, театр минь зах зээлийн шуурганд амь тасарчихаагүй байна, уран бүтээлээ хийсээр байна гэж харуулахын төлөө бүхий л хүчээ дайчилж, хэдүүлхнээ алдарт “Кармен”, Монголын шилдэг “Ламбугайн нулимс” зэргийг тоглож байсантайгаа харьцуулахад бид олуул ч болж, чадаж ч байна гэж бодож байлаа” хэмээн дурссан.
Д.Отгонбаатар 1990 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг Л.Замбага багшийн удирдлага дор төгөлдөр хуурч мэргэжлээр төгсчээ. Тухайн үед төгсөгчдийг Соёлын яам мэдэж хуваарилдаг байсан бөгөөд залуу мэргэжилтнийг Дорнод аймаг руу илгээхээр зоогоод дууджээ. Сайд хөдөө яв гэсэн тухай ээждээ дуулгахад Л.Аюуш гавьяат очиж “Явуулахгүй” гэхэд сайд шийдвэрээ буцаан, Дуурийн театрт концертмейстерээр илгээсэн аж.
Яамнаас дуудахаар нь очиход сайдын өрөөнд Дорнодын театрын дарга В.Боролдой сууж байсан юм билээ л дээ. Тэрбээр театрынх нь симфони найрал хөгжмийг удирдаач Ц.Баатаржавын хамт үүсгэн байгуулсан хийлч Л.Аюуш болон дуурийн цуутан Ц.Дагванамдал нарын хүүхэд, тэгээд ч театрынх нь нэгэн жүжигт пионер болж тоглож байсан хүү очих байх, ер нь театртаа авчихна гэж үзээд, сайдаар томилолт бичүүлэх санаатай байсан байх хэмээн өдгөө Д.Отгонбаатар ярьж буй юм.
Найруулагч, Дуурийн театрын дарга Л.Эрдэнэбулган залуу төгөлдөр хуурчийг гоцлол дууны ангид ажиллуулахаар хуваарилжээ. 1990 он, нийгэм нэгээс нөгөөд шилжих маягтай донсолж байсан эгзэгтэй үед тус театрт ганцхан төгөлдөр хуурчБ.Солонго үндсэн концертмейстерээр ажиллаж байв. Д.Отгонбаатар ажилд орсны маргааш нь л дуудлагын самбарт нэр нь бичээстэй байлаа. Гоцлол дуучин Ж.Цэцэгээтэй ажиллахаар болсон байв. Дуучин “Севилийн үсчин” дуурийн зузаан гэгчийн ноот барьчихсан орж ирэхэд “Эгч ээ, би давтаж байгаад нийлье ээ” гэж хэлээд гаргажээ. Өмнө нь дуурийн хөгжим дээр ажиллаж үзээгүй тул аймшигтай санагдаж.
Тэрбээр дуучидтай алдаг, оног нийлж байтал наадам ч болж, уран бүтээлчид ч амарч оджээ. Долдугаар сарын 1-нээс ажилд орсон Отгоод амралт өгөхгүй учраас ангийнхаа, мөн тус театрт зэрэг томилогдсон Жони хэмээх амьдаа Отгонбаатар болон хийлийн Намнансүрэн нартай ээлжлэн зунжин театрын жижүүрээр ажилласан аж.
Намар нь уран бүтээлчид цуглахад концертмейстерийн ажлыг бармааргүй санагдаад, больдог ч юм бил үү гэж дуугарахад хормейстер Д.Нандинцэцэг багш олзуурхан “Чи дуулах хүн шүү” гээд найрал дууны ангид дагалдангаар авчихжээ. Жилийн дараа шинэ тутам байгуулагдаад байсан СУИС-ийн дуулаачийн ангид элсэж, улмаар хоёр жил сурч. Төгссөн сургуулийнх нь багш нар ноот эхнээс нь заагаад байх нь залхуутай. Тэнд ер нь сурах юм байхгүй юм шиг санагдаж байтал удалгүй сургууль төлбөртэй сургах тухай яриа гарч эхэлмэгц бушуухан театртаа үндсэн дуучнаар оров. “Шинэ юм заахгүй, тэгсэн хэрнээ мөнгө авна гэнэ шүү” гэж ундууцаад эрс шийдсэн нь тэр. Сурах хугацаандаа бол гэрээгээр ажиллаж байсан юм билээ.
Салбар бүрийн мэргэжилтнүүд олноороо ажлаа орхиж, харсан зүг рүүгээ ганзгын наймаанд гарсан тэр үед театрт дуучин цөөн үлдээд байв. Зарим өдөр тоглолт болох, үгүй нь мэдэгдэхгүй. Тэгэхээр нь дуучид хувцсаа өмсөхгүй суугаад л байдаг байж. Байсхийгээд тасалбар зарагдаж байгаа эсэхийг мэдэхээр касс руу гүйцгээнэ. “Арав зарагдсан” гэх юм бол хувцаслаж эхэлдэг байжээ. Ядаж байхад театрын өрөөсөн бөөрөнд нь баар байгуулчихсан. Олон түмний дунд энэ театр нь архи, дарсны газар гэсэн ойлголттой болчихсон ч юм шиг эвгүй. Гэхдээ тэр баарны түрээсийн мөнгөөр уран бүтээлчдээ цалинжуулдаг гэсэн сургаар хэн ч хэл ам хийдэггүй.
Найрал дуундаа дуулаад бодох санах юмгүй арав гаруй жил ажиллаад байтал 2004 онд театрын дарга Г.Эрдэнэбат түүнийг найрал дуу удирдах ажил хий гэжээ. “Би яаж ...” гэтэл “Чи чадна, ажилла” гэж шууд даалгав. Хормейстер Н.Дашбямба Германд сурахаар явсан хойгуур нөгөөх нь буюу “хоовон” Г.Энхбаярт хүч нэмэх шаардлага гарсан байлаа. Тиймээс дарга нь төгөлдөр хуурч суурь мэргэжилтэй дуучин барах л ёстой гэж үзээд мань хүнийг шахсан нь тэр байв.
Анхны ажил нь Ж.Пуччинийн “Богема” дуурь. Дөнгөж дуучдад ноотыг нь тараагаад байж. Нэгэнт даалгавар авсан хүн биелүүлэхээс аргагүй. Дуурийг бүхэлд нь ойлгож, мэддэг болохын тулд өглөө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд, найман цагаас эхлэн дуурийн хоолой тус бүрээр нь нэгд нэгэнгүй төгөлдөр хуурт тогшиж, сурч аваад дуучиддаа зааж өгч байв. Чадахгүй гэж бодож байсан хүн ядах юмгүй ажиллаж эхэлсэн нь Хөгжим бүжгийн сургуулийн ач, буян, төгөлдөр хуурч мэргэжил эзэмшсэний тус хэмээн тэрбээр өнөөдөр ярьж сууна. Ягаан театрт “төрсний”, хорвоог мэдэрч эхэлсэн цагаасаа аав, ээжийнхээ ажил дээр өнжиж, алдарт удирдаачдын гарыг харж суудаг байсны, дуучид, хөгжимчдийг сонсож өссөний хэрэг ч гэж байлаа. Үндсэндээ хөгжим гээч увдис түүний бие, сэтгэл, оюун бодлын нэгээхэн хэсэг болсон мэт. Тийм ч болохоор анхлан ажилласан “Богема” дуурийн найрал дуучдын хэсгийг зохих түвшинд бэлтгэх ажилд түүртээгүй биз ээ.
Тэр үеэс хойш 21 дэх жилдээ хормейстерээр ажиллаж буй түүний ажил, уран бүтээл хэзээд гарт нь. Өмнө нь тоглож байгаагүй шинэ бүтээл гаргах болоход ч дуучид нь багшийнхаа эхний хэдэн дохиогоор юу хэлэх гээд байгааг нь ойлгодог. Тэгж гар нэг, дуу нэг, бараг амьсгаа нэг болсон улс.
Монголын дуурийн урлагийн хөгжлийн 50 жилийн түүхийг он цагийн дарааллаар ярих хэрийн мэдээлэл хадгалж буй, театрын урлагийн ийм нэгэн мятаршгүй зүтгэлтний тухай цухас өгүүлэхэд ийм байна.
Зарим үзэгч санаж магадгүй. 2000 оноос өмнө, хойхно ч тэр дээ, лав “Учиртай гурван толгой” дуурьт малгай, хантааз өмсөж Балганы дагуул, тэдгээрийг тайлж шидээд Юндэнгийн дагуул болдог байсан дуучин шүү дээ, хормейстер Д.Отгонбаатар нь.
Дуурийн театрын гал голомтыг найдвартай манасан, бараг л сүүлчийн цогийг унтраалгүй “салхи, савираас” хамгаалж ирсэн цөөн уран бүтээлчийн нэг түүний гэргий нь тус театрын симфони найрал хөгжмийн хийлч Д.Отгонбаяр юм. Тэр хоёр Хөгжим бүжгийн нэг ангийнхан. Гэр бүлээрээ сонгодог урлагт ажиллах хувь зохиолын эзэд тэд хоёр хүүтэй. Харин тэднийхээ хэнийг ч урлагийн замаар явуулаагүй юм билээ.
Халхын сайхан Юндэн Гөөгөө, дуурийн гоцлооч Ц.Дагванамдалынх зургаан хүүхэдтэй бөгөөд бага нь Д.Отгонбаатар. Түүний нэг ах, нэг эгчээс бусад нь өөр салбарын мэргэжилтнүүд. Тэгэхээр нэгэн гэр бүлийн дөрвөн гишүүн Монголын сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, өдгөө ч оруулж явна гэхээр бахархам.
Р.Оюунжаргал