Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашааныг түшиглэн нуур байгуулахаар төлөвлөж буйг Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэв. Тодруулбал, задгай ундарга бүхий долоон булгаас эхтэй тус рашааны усыг хуримтлуулж, хиймэл нуур байгуулах боломжтой гэж гидрогеологичид үзсэн байна. Үүний дагуу холбогдох судалгаа, тооцооллыг хийж, зураг төслийг нь ч боловсруулжээ. Уг ажлыг Усны газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “333 нуур” хөтөлбөрийн хүрээнд Туул голын сав газрын захиргаа, нийслэлийн болон харьяа дүүргийн холбогдох байгууллагынхан хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдээд буй аж.
Ташрамд дурдахад, Усны газраас энэ сарын 22-нд тохиох Дэлхийн усны өдрийг угтан байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах шилдэг шийдлийг шалгаруулах “Гүнээсээ хайрлая” уралдаан зарлаж, шилдэг байгууллага, иргэн, судлаач (судалгааны байгууллага)-ийг тодруулахаар болжээ.
Н.Мишээл