МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор В.Гүндэгмаа шинэ зүйлийн ургамал нээж, олон улсын эрдэм шинжилгээний “Phytotaxa” сэтгүүлд нийтэлжээ. Тэрбээр уг судалгааны ажлаа 2018 оноос эхлүүлсэн байна. Ингээд молекул, биологи, генетикийн шинжилгээгээр төрөл, зүйлийг нь нарийвчлан тодорхойлсон аж. Шинэ зүйлийн ургамлаа биологийн шинжлэх ухааны доктор Ч.Санчир багшийнхаа нэрээр Санчирын гичгэнэ (Potentilla Sanczirii) хэмээн нэрлэжээ. Эл ургамал нь Увс аймгийн Хархираа, Түргэний, Ховд аймгийн Мөнххайрханы уулсад ургадаг аж. Ерөнхийдөө өндөрлөг газарт ургадаг тул уг судалгааг хийхэд судлаачаас нэлээд хүч хөдөлмөр шаарджээ.
Уг нээлт нь В.Гүндэгмаагийн биологийн шинжлэх ухаанд оруулж буй анхны томоохон алхам биш бөгөөд өмнө нь Ванжилын гичгэнэ хэмээх ургамлыг нээж, олон улсад “дансалж” байв. Доктор В.Гүндэгмаа нь докторын судалгааны ажлаа “Монгол орны гичгэнийн төрлийн ангилал зүй” сэдвээр бичиж байсан юм. Тэрбээр манай улсад гичгэнийг нарийвчлан судалж буй анхны судлаач аж. Сүүлийн жилүүдэд Монголын нутгаас нээн илрүүлсэн шинэ зүйлийн цөөн хэдэн ургамлын ихэнх нь түүний судалгааны ажлын үр дүн юм байна.
А.Үүл