Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байна. Гэвч хаврын салхи хавирга нэвт гэдэг. Ирэх 4-6 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Ус цаг, уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны тоон загварчлал судалгааны хэлтсээс тооцоолон гаргасан байна. Тодруулбал, хаврын саруудад нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага байх нь. Гэвч агаар мандлын төлөв богино хугацаанд хурдан өөрчлөгдөн, агаарын температурын өдөр, шөнө, хоног хоорондын зөрөө их, говь, тал, хээрийн бүс нутгаар салхи шуургатай байх магадлал өндөр гарчээ. Иймд малчид, ард иргэд хаврын цаг цагаарын хүндрэлээс урьдчилан сэргийлж, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх, тал, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухай бүрд авч ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөв. Мөн дөрөвдүгээр сард агаарын дундаж температур Хөвсгөлийн нутаг, Завханы зүүн, Архангайн ихэнх, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол хур тунадас Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх гэнэ. Түүнчлэн тавдугаар сард Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын нутаг, Говь-Алтайн хойд, Баянхонгорын баруун хойд хэсэг, зургаадугаар сард Дорнод, Хэнтий, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас их хур тунадас орох нь.
Ташрамд дуулгахад, өнөөдөр нутгийн баруун, маргааш нутгийн зүүн хагаст нойтон цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуургатай байхыг анхаарууллаа.
Ч.Туяа