Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны хязгаарлалтын бүсийн 30 га талбайд ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлт хийж байгаа талаар тухайн хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Иймд тус бүсэд зөвшөөрөлгүй зорчихгүй байх, модонд дарагдах эрсдэлээс сэргийлэхийг ууланд алхагч, аялагчдад анхааруулав.
Ойн болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу хортон шавжид нэрвэгдсэн, сэргэн ургах чадавхгүй болсон газруудад цэвэрлэгээ, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг нийслэлд үе шаттай зохион байгуулахаар төлөвлөснийг Ойн газраас мөн мэдээлсэн юм. Манзуширын аманд хийж буй ажил үүний нэг хэсэг аж. Цэвэрлэгээний ажлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар ойн мэргэжлийн “Уудам өсөх” компанийнхан гүйцэтгэж байгаа бол ажлын чанар, аюулгүй байдалд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж байна.
Н.Мишээл