Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн 60 жилийнхээ ойг угтан, мөн энэ сарын 22-нд болох Дэлхийн усны өдрийг тохиолдууулан олон нийтэд зориулсан танин мэдэхүйн нэг сарын аян эхлүүлжээ. Тус хүрээлэнгийн Гидробиологийн лабораторийнхон “Цэнгэг усны гайхамшигт амьдралаар аялахуй” нэртэй уг аяныхаа хүрээнд цэнгэг усны биологийн төрөл, зүйлүүд, тэдгээрийн амьдрах орчны онцлог, ач холбогдлын талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэхээр төлөвлөсөн аж. 4-12 насны хүүхдүүдийн дунд “Миний мэдэх цэнгэг усны амьтад” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж буй бол 12-18 насныхныг “Цэнгэг усны амьтдад тулгардаг аюул” сэдвээр эсээ бичүүлж, өрсөлдүүлэх нь.
Түүнчлэн эл сэдвийн хүрээнд судлаач, мэргэжилтнүүдийг хамруулсан нээлттэй семинар зохион байгуулж, “Цэнгэг усны мэдээ” сэдвээр олон нийтийн сүлжээнд нийтлэл бэлтгэн хүргэхээр болжээ.
Н.Мишээл