Монгол орны зарим нутгаар уржигдраас эхлэн хур тунадас орж, цаг агаар муудан, цас болон шороогоор шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Гуравдугаар сарын 10-11-нд шилжих шөнөөс эхлэн нийт нутгаар салхи ширүүсэж, говь, тал, хээрийн бүсэд хурд нь секундэд 18-20, зарим үед 24 метрээс давж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрснийг цаг уурын байгууллагаас өчигдөр өглөө мэдээлэв. Мөн уржигдар 18.25-18.31 цагт Улаанбаатарт хотод энэ хаврын анхны бороо орсныг цаг уурчид бүртгэж, баталгаажуулсныг олон нийтэд зарлалаа. Олон жилийн дунджаар баримжаалбал хаврын анхны бороо ихэвчлэн гуравдугаар сарын дунд 10 хоногт буюу 10-20-нд ордог гэнэ. Өнгөрсөн онд Өмнөговь аймагт гуравдугаар сарын 25-нд тухайн жилийн анхны бороо орж, давхар солонго татаж байжээ.
Ж.Сувд