Орон сууцын үнийн индекс энэ оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 12.7 хувиар өссөн байна. Тодруулбал, шинэ орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 7.4, өмнөх сарынхаас 0.2 хувиар өсжээ. Харин хуучин орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 15.4, өмнөх сараас 1.4 хувиар тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ 4.4-4.5 сая төгрөг байна. Байршлын хувьд Сүхбаатар дүүрэгт шинэ, хуучин орон сууцын нэг ам метр талбайн үнэ хамгийн өндөр буюу 5.61-5.67 сая төгрөгт хүрчээ. Мөн шинэ орон сууцын дундаж үнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 31.1 хувиар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уулд 3.9 хувиар нэмэгдсэн нь хамгийн бага дүнд тооцогдож буй аж. Харин хуучин орон сууцын дундаж үнийг өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 33.6 хувиар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрханд 12.6 хувиар нэмэгдсэн нь хамгийн бага үзүүлэлт болжээ.
Ч.Болор