1940 оноос хойших хур тунадас багатай зургаа дахь сар нь өнгөрсөн сар боллоо. Улсын хэмжээнд өнгөрсөн сард дунджаар 0.6 мм хур тунадас оржээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 82.8 хувиар буурсан үзүүлэлт аж. Түүнчлэн хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас 67.8 хувиар багасжээ. Нийт нутгийн дийлэнх буюу 91.5 хувьд бага, 2.3 хувьд нь дунджийн орчим цас орсон байна. Харин 6.2 хувьд нь дунджаас ахиу хэмжээний хур тунадастай байсан гэнэ. Эдгээр үзүүлэлтэд үндэслэн 1940 оноос хойших хур тунадас багатай зургаа дахь сар боллоо хэмээн цаг уурын байгууллагаас мэдээлсэн юм.
Бас хоёрдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 0.3 хэмээр дулаан байжээ. Мөн өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 3.1 хэмээр дулаан байсан гэнэ. Нийт нутгийн 32.6 хувьд нь олон жилийн дунджаас 1.1-3.2 хэмээр дулаахан байсан бол 17.1 хувьд нь хүйтэрчээ. Үлдсэн 50.4 хувьд агаарын температур дунджийн орчим байсныг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
А.Үүл