УИХ-ын баасан гаргийн нэгдсэн чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж буй явцынхаа талаар мэдээлэл хийв. Засгийн газар бол парламентаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй, гүйцэтгэх байгууллага. Парламент хэрэгжилтэд нь хяналт тавина. Тиймээс сард нэг удаа нэгдсэн чуулганд Ерөнхий сайд болон сайд нар нь ажлаа танилцуулж, мэдээлэл өгөн, гишүүдийн асуултад хариулдаг юм. Хуулиар өөрт нь оноосон эл үүргээ гүйцэтгэж, ажлаа шалгуулж буйгаа гэвч Засгийн газрын тэргүүн мартчихжээ. Өөрийгөө Монгол Улсын төр, бүхний эзэн “хаан” хэмээн боддогоо илчлээд буруудлаа. МАН 2016 оноос хойш үнэмлэхүй олонхоор төрийн эрхийг найман жил барьсан. Сүүлийн нэг жилд ч тэд олонх болж, сөрөг хүчний бусад нам, сөрж дуугарах эрсдэлтэй хэн бүхнийг албан тушаал, цол гуншингаар урхидан, амыг нь үдээд байна. Ардчиллын индексийг авторитар болгон ухрааж, бүхнийг атгандаа оруулчихсан, одоо яаж ч дураараа дургиж болно хэмээн бардамнаж л дээ. Гэвч 126 гишүүн бүгд түүнд худалдагдчихаагүй, ард иргэд бас сохроогүй гэдгийг дутуу тооцжээ.
ЮУ БОЛООД ӨНГӨРӨВ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг жилийн өмнө УИХ-аар баталсан юм. Хэдийгээр 2024 онд тус санд 495.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн ч одоо экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унаж байгаа тул төлөвлөгөө тасалдахад хүрээд буй юм. Үүнийг нь сануулж, ямар гарц, шийдэл байгааг асуусан гишүүдэд Ерөнхий сайд оновчтой хариулт өгөхийн оронд өрвөлзөж, уурласан нь сонин. Ер нь түүнийг шүүмжилж болохгүй, дандаа л тахин шүтэж, магтах ёстой гээд ойлгочихсон бололтой. Ж.Баярмаа гишүүн ч иргэд татвар, үнэ, инфляцын өсөлтөд дарлуулж, амьдрал хүнд байгааг сануулсан юм. Тэрбээр Ерөнхий сайдыг сүүлийн таван жил уг албан тушаалыг хашсан атлаа иргэдийн бодит амьдрал ямар байгааг мэдэхгүй, хэтэрхий вакум орчинд орсон юм биш үү хэмээн асуусан. Мөн оны эхний улирлын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 353 тэрбум төгрөгийн алдагдалтай байна, экспортод гаргаж буй гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ унаад байхад Үндэсний баялгийн санд хэрхэн мөнгө хуримтлуулах вэ гэлээ. Үүнд нь Ерөнхий сайд “За, С.Баярцогт даргын асуултад хариулъя. Улстөржиж байгаа учраас би бас улстөржиж хариулъя” гээд сүүлийн 20 жилд стратегийн ордуудад “бантан” хутгасан хэсэг хүн гишүүнээр үгээ дайлгалаа, удахгүй тэднийг илчилнэ гэсэн утгатай зүйл ярьсан юм
Төгсгөлд нь “Ийм зүйл дээр залуу хүн байж битгий хүний өмнөөс хачин хачин юм яриад бай, за юу” хэмээн шуудхан загнав. Асуултад нь огт хариулсангүй. Уг нь УИХ-д ажлаа тайлагнаж байгаа хүн юм шүү дээ. Эсвэл иргэдийн амьдралыг өөд татах талаар хийж буй бодит ажил байхгүй учраас ингэв үү. Үүний араас үг хэлсэн гишүүн Д.Жаргалсайхан “Ерөнхий сайд сая хүнтэй маш муухай харьцлаа. Энэ зэргийн үгийг сонсох ёстой. УИХ-ын гишүүн, тэр тусмаа эмэгтэй гишүүн үг хэлж байхад ийм байдлаар хандах нь хиртхийлгэм, эвгүй байлаа. Үүнийгээ цаашид анхаараарай” гэв.
Ерөнхий сайд түүнд “Хувь гишүүнд нь биш, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх ажилд удаа дараа саад хийж буй ард нь байгаа улс төрчдийн үйлдэлд бухимдлаа” гэсэн тайлбар өгсөн. Харин Ж.Баярмаа гишүүн түүний энэ үйлдлийн талаар сэтгүүлчдэд “Би хэн нэгэн улс төрчийн үгийг дамжуулдаг хүүхэд, бас тийм ч залуу хүн биш. Намайг С.Баярцогт даргын үгийг дамжуулдаг гэж хэлснээ Ерөнхий сайд нотлох ёстой. Ард түмний амьдрал улам бүр хүндэрч байгаа нь худлаа юм уу. Сүүлийн таван жилийн турш Ерөнхий сайд хийж байгаа хүнээс би энэ тухай асуухгүй, өөр хэнээс асуух юм. Тэр сөрөг хүчний намуудаа халаасандаа хийж, гадуур байгаа улс төрчдөд элдэв цол, албан тушаал өглөө. Бизнесийн зөвлөлдөө том компаниудын захирлуудыг оруулчихсан. Цагдаа, шүүх түүний эрх мэдэлд байна. Ийм байж хэнтэй тэмцээд байгааг нь ойлгохгүй юм. Нэг далд хүч байдаг бололтой” гэсэн юм.
ХОХИРОГЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ЕРӨНХИЙ САЙД
Ерөнхий сайдын дээрх үг, үйлдэл, хандлагаас хэд хэдэн дүн шинжилгээ хийж болохоор байна. Өс хонзон ба хүйсийн ялгаварлал: Хамтарсан Засгийн газар байгуулах нэрээр АН, ХҮН намынхан эрх мэдэл хуваалцаад, “хэлгүй” болсон. Харин Ж.Баярмаа бол энэ УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй гарын таван хуруунд багтам цөөн гишүүний нэг. Засгийн газраас өргөн барьсан 2025 оны улсын төсвийн төсөлд зарлагыг огцом өсгөсөн, тооцоо судалгаагүй олон төсөлд хөрөнгө хуваарилсан, эрх ашгийн зөрчил байгааг илчилж, ажил хэрэгчээр хандсан гишүүн бол тэр. Үрэлгэн зарлагаа танахыг шаардаж, УИХ-ын гишүүнийхээ хүрээнд зарчмын зөрүүтэй саналууд оруулж хэлэлцүүлсэн. Гишүүн Ч.Лодойсамбуугийн Ерөнхий сайдыг огцруулж, хариуцлага тооцох саналд ч хамгийн түрүүнд гарын үсэг зурсан. Байнга шүүмжилдэг учраас энэ бүсгүйг Ерөнхий сайд “хорхойтой араандаа” зуужээ.
Засгийн газрын тэргүүнээс ажил, үүргийг нь нэхэж шаардах нь зүйн хэрэг. Гэтэл үүнийг манай “бүх юмны дарга” хувь хүнд нь хандсан шүүмжлэл гэж өсөрхөн боддог бололтой. Тусгаар улсын Ерөнхий сайд гэхээс илүү хэрүүлч авгайн дүр төрх, хандлага үзүүлэх нь тэр. Төрийн өндөр албан тушаал хашиж буй бол эрх мэдлийг нь дагаад хатуу үг, шүүмжлэл ирнэ гэдгийг тооцдог, мэддэг, үүнийг даадаг байх учиртай. Өөрийг нь шүүмжилсэн хүн бүрийг “хэн нэгний захиалгаар ингэж байна” хэмээх хохирогчийн сэтгэл зүйгээр асуудалд ханддаг. Ардчилсан улсад шүүмжлэл бол маш эрүүл зүйл, өөрт нь хариуцлага тооцох эрх УИХ-ын гишүүдэд байдаг гэдгийг ойлгохыг хүсдэггүй.
Мөн эрэгтэй хүнд тэр ингэж шууд дээрэнгүй хандаж чадахгүй. Тэгэхээр хүйсээр нь ялгаварлажээ л гэж харагдаж байна. Шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэрийг 30 хувьд хүргэх үүргийг НҮБ-ын өмнө хүлээсэн улсын Ерөнхий сайд шүү дээ. Өнгөн дээрээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихээ мэдэгддэг ч бодит байдалд ийнхүү сул дорой гэж үзэн гүтгэн, доромжлохдоо зовохгүй, ичихгүй байна
“Дарангуйлагч”: Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү парламентад хадгална” хэмээн заасан байдаг. Мөн 38.1-т “Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, 41.1, 41.2-т “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна. Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана” гэснийг эхлээд сануулъя. Үндсэн хуульд ч эрэмбээрээ эхлээд УИХ, дараа нь Ерөнхийлөгч, улмаар Засгийн газрын эрх, үүргийг зохицуулж өгсөн байдаг юм. Гэтэл засаглалын хуваарилалт, эрх мэдэл манай улсад сүүлийн зургаан жилд бүрэн алдагдаж, хөл, толгой нь мэдэгдэхээ больсон байна. Тийм ч учраас өнөөдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн нь УИХ руугаа салаавч гаргаад, гишүүдийг нь дураараа доромжлоод суудаг болжээ.
МАН-ынхан 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Засгийн газрын эрх мэдлийг нэмсэн. Мөн 2020 онд баталсан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар далимМонгол Улсыг хэн аврах вэ дуулан Л.Оюун-Эрдэнэ олон зүйлийг дураар хийх эрх чөлөөг олж авсан юм. Энэ бүхний эцэст гишүүн Ч.Лодойсамбуугийн хэлдгээр “залуу дарангуйлагч” болон бойжсон байна. Д.Жаргалсайхан гишүүний асуултад Ерөнхий сайдын хариулснаас нэг ноцтой зүйлийг харж болно. “Мань гишүүнд хандаж хэлж байгаа юм биш. Урд нь хэд хэдэн удаа давтагдаад, би өөртэй нь ч бас уулзаж ярьж байсан”. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын гишүүний юу ярих, ярихгүйг Ерөнхий сайд нь заадаг болчихсон юм уу. Шүүмжилснийх нь төлөө Ж.Баярмаа гишүүнтэй уулзаж, “сануулга” өгснөө тэрбээр ил тодоор, чуулганы индэр дээрээс зоригтой зарлаж байгаа нь засаглалын хямрал манай улсад ноцтой хэмжээнд очсоны нотолгоо биш үү. Дарангуйлалдаа парламентыг, улс орныг бүрэн оруулчихлаа хэмээн эндүүрсэн хүн л ийм зоримог, бас тэнэг үйлдэл хийнэ. Гэхдээ аз болоход бид ардчиллаа бүрэн тавиад туучихаагүй байна.
Автор нь мөн байсны нотолгоо: Засгийн газрыг, Ерөнхий сайдыг шүүмжилсэн УИХ-ын гишүүдийг нийгмийн сүлжээнд тролл армиараа харлуулдаг хар технологи бий. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Ж.Баярмаа гишүүнийг “тэмбүүтэй” гэсэн мэдээлэл цацаж байсан. Мөн С.Баярцогтын хүн гэдэг мэдээлэл ч тэр үеэс эхтэй юм. Тэгвэл Ерөнхий сайд энэ хар пиарын ард байдаг автор нь мөн гэдгээ нотоллоо. Өөрийг нь огцруулах санаачилга гаргасан гишүүн Ч.Лодойсамбуугийн гэрийн хаягийг нийгмийн сүлжээнд цацуулж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, аюулгүй байдалд эрсдэл учруулснаа бас нэг бухимдаж “ам халахдаа” зарлачихгүй байх гэж найдна.
УИХ-ыг улам дорой харагдуулсан ийм үйлдэл болж байхад Д.Амарбаясгалан дарга дуугүй хараад сууж байна. Хааяа нэг “Засгийн газар арай даварлаа” гэж гоншигнохоос илүү чадал ч түүнд үгүй бололтой. АН-ын дарга Л.Гантөмөр бол гишүүнээ биш, Ерөнхий сайдаа өмөөрдөг хүн. Ерөнхий сайдын эрх мэдэл хэрээс хэтэрч, хууль тогтоох байгууллагынхаа дээр сандайлснаа нотолсон эл явдлуудын дараа иргэд түүнийг огцруулахыг шаардаж эхлэв. Гэвч үүнийг шийдэх эрх мэдэлтэй парламентын гишүүд нь хөдөлж өгөхгүй байгаа.
Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийнхэн дээрх явдал болон засаглал, эрх мэдлийн хуваарилалт алдагдсан тухай асуудлыг хэлэлцэх юм билээ. Сайд болсон хүмүүс нь биш гэхэд сул гишүүд нь сэрж, ямар нэг алхам хийж чадах нь уу. Үгүй бол эс үйлдлээрээ тэд дарангуйллын тогтолцоог дэмжсэн болно. Ер нь Монгол Улсыг эрх мэдэл, засаглалын хямралаас хэн аврах вэ.