Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Сансарын шатахуун түгээх станцын урд байрлах “Solar office” гэх үйлчилгээний зориулалттай барилгад өнгөрсөн баасан гаргаас бямбад шилжих шөнө гал гарчээ. “Зургаан давхар барилгын гадна фасад шатаж байна” гэх дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход зургаан давхар барилгын зүүн болон хойд хэсэг, хоёр давхар барилгын урд, зүүн урд талын гадна фасад шатаж байжээ. Өөрөөр хэлбэл, гал тус барилгатай залгаа орших үйлчилгээний хоёр давхар барилга руу тархсан байж. Аврагчид шуурхай ажиллан, дуудлага өгснөөс хойш хагас цагийн дотор буюу 01.11 цагт галыг бүрэн унтраажээ. Уг барилгаас 30-40 м зайд шатахуун түгээх станц байрладаг бөгөөд дэлбэрэлт болох эрсдэлтэй байсныг албаныхан хэлсэн. Тус барилгын эргэн тойронд шатахуун түгээх 6-7 станц бий гэнэ.
Ч.Туяа