Эрчим хүчний сайд Б.Найдалаа Ховд аймгийн нутаг дахь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц (УЦС)-ын төслийн ажлын явц болон Дөргөний УЦС-ын үйл ажиллагаатай танилцжээ. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлын явж 33 хувьд хүрч, хэвийн үргэлжилж байгаа аж. Уг төслийг хугацаанд нь буюу 2028 оны есдүгээр сард багтаан дуусгаж, УЦС-ыг ашиглалтад оруулбал эрчим хүчнийхээ 80 хувийг импортоор хангадаг Ховд, Увс аймгийн хэрэглээг бүрэн хангах боломж бүрдэх юм. Тиймээс Б.Найдалаа дотоодын эх үүсвэрээс эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангахад чухал ач холбогдолтой уг төслийг хугацаанд нь дуусгахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн баруун бүсийн анхны томоохон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр Дөргөний УЦС-тай танилцсан байна. 12 МВт-ын хүчин чадалтай тус станц нь жилд баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний 15 орчим хувийг дангаараа бүрдүүлж буй юм.
С.Дулам